Powered by Blogger.
RSS
Container Icon

Зүйлийн шалгуур шинж

Зүйлийн шалгуур шинж

Зүйлийг хооронд нь ялган таних шинж тэмдгийг зүйлийн шалгуур шинж гэх бөгөөд хоорондын ялгааг илэрхийлдэг хэд хэдэн үндсэн шалгуур байдаг. Үүнд:
  1. Морфологийн шалгуур:
Нэг зүйлд хамаарах бодгалиудын гадаад хэлбэр, дотоод бүтцийн төсөөтэй байдал юм. Жишээ нь: алгана загас, модны мэлхий, хонин гүрвэл, тагтаа, тарвага зэрэг амьтад биеийн хэлбэр, бүтэц, өнгө зүс зэрэг гадаад шинжээрээ эрс ялгаатай.
  1. Физиологийн шалгуур шинж:
Амьдралын дотоод үйл ажиллагааны төсөө, ялангуяа үржлийн төсөөтэй шинж юм. Нэг зүйлд багтах бодгалиуд хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үр удам үлдээдэг.
  1. Генетикийн шалгуур шинж:
Зүйл тус бүр хромосомын хэлбэр, хэмжээ, тоо түүнд агуулагдах генийн өвөрмөц сантай байдаг. Тухайн зүйлийн түүхэн хувьсах хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон генетикийн бүх мэдээлэл буюу генийн хэлбэрийг генийн сан \ генофонд \ гэнэ. Энэ нь зүйлийн үндсэн шалгуур шинж болно.Янз бүрийн зүйлийн бодгалиуд хромосомын өөр өөр бүрдэлтэй учир хоорондоо эвцэлдэн үржихгүй, тусгаар байдаг. Ингэснээр тухайн зүйл байгаль дээр харьцангуй тогтвортой оршин амьдрах нөхцөл бүрдэнэ.
  1. Газар зүйн шалгуур шинж:
Байгаль дээр зүйл бүхэн амьдрах тодорхой тархац нутагтай байна. Тархац нутаг их, бага, нэлэнхий, тасархайтсан алаг цоог байж болно. Газар бүр тархсан, ялангуяа хүний үйл ажиллагаатай уялдан түгээмэл тархсан зүйлүүд ч байдаг.
  1. Биохимийн шалгуур шинж:
Зүйл тус бүр уурагт бодисынхоо химийн найрлага буюу уураг, нуклейн хүчлийн өвөрмөц бүтцээрээ ялгардаг.
  1. Экологийн шалгуур шинж:
Зүйлийн оршин амьдарч буй гадаад орчны олон хүчин зүйлийн нийлбэр цогц шинж юм. Энэ шинж бүрдсэнээр биологийн зүйл бүр экологийн хувьд тусгаар байх боломжтой болно. Жишээ нь: хахуун холтсон цэцэг нуга, тариан талбайд, мөлхөө холтсон цэцэг түүнээс илүү чийглэг газар, хорон холтсон цэцэг гол нуурын эрэг, намгархаг газар ургадаг.
Зүйлийн хамаарлыг тогтооход ямар нэгэн саланги шалгуур шинж хангалтгүй бөгөөд тэдгээрийг хамтад нь авч үзвэл зүйлийг үнэн зөв тодорхойлж болно.

Зүйлийн ерөнхий шинж

Амьдралын бүтэц зохион байгуулалтын дээд түвшний анхдагч нэгж, түүхэн хувьсах хөгжлийн тодорхой үе шат болохын хувьд зүйл нь дараах ерөнхий шинжийг илтгэнэ.
  1. Тусгаарлагдмал шинж
Зүйл нь орон зай, бүтэц зохион байгуулалт, үржлийн хувьд бусад зүйлээс харьцангуй тусгаарлагдмал оршдог.
  1. Нэгдмэл цогц шинж:
Зүйл нь бодгаль биесийн энгийн бөөгнөрөл бус өвөрмөц дотоод бүтэц бүхий зохион байгуулалттай тогтолцоо юм.
  1. Зүйлийн тогтвортой шинж:
Зүйлийг бүрдүүлэгч бодгалиудын амьдрах хугацаа хязгаартай ч зүйл бүхэлдээ удаан хугацаанд оршин тогтнох чадвартай.
  1. Түүхэн шинж
Зүйл урт удаан хугацаанд тогтвортой оршдог тул түүхэн хувьсах хөгжлийн үндсэн эх суурь болдог.
  1. Тоо толгойн төлөв байдал
Зүйл тодорхой тооны бодгаль биеэс бүрдэх ба тоо толгойн дундаж хэмжээ нь тухайн зүйлийн чанарыг тодорхойлох шинж болдог.

Микроэволюци

Түүхэн хувьсах хөгжлийн тухай Ч. Дарвины сургаалд үндэслэн зүйл гэж юу болох, хэрхэн үүсдэг зэрэг цогц асуудлыг хамарсан, зүйлийн үүслийн тухай орчин үеийн цогц онолыг “ Микроэволюци” гэнэ.
Популяци: Тодорхой газар нутгийг эзлэн оршдог ч зүйлийнхээ бодгалиудын бусад бүлгээс орон зай, цаг хугацааны хувьд харьцангуй тусгаарлагдсан, хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үрждэг, нэгэн зүйлд хамаарах бүлэг бодгалийг популяци гэнэ. Биологийн популяци бол орон зай, цаг хугацаанд оршин амьдрах нэг зүйлийн бодгаль биесийн нэгдэл, амьд биемахбодын бүтэц, зохион байгуулалтын дээд түвшний анхдагч нэгж юм. Зүйлийн тархац нутгийн хүрээнд бодгалиуд нь харилцан адилгүй жигд биш тархсан байдаг.Энэ нь тархац нутгийн янз бүрийн хэсэгт амьд биесийн амьдрах орчин буюу амьдралын нөхцөл ялгаатай байдагтай холбоотой. Зүйл доторх популяциуд хоорондоо холилдож эвцэлдэхийг саатуулдаг янз бүрийн тусгаарлалт байгальд бий. Уул нуруу, гол мөрөн, далай тэнгис, уур амьсгал, цаг уур, хөрс зэргийг газарзүйн тусгаарлалт гэнэ. Үржлийн эрхтний тогтолцооны онцлог, ороо хөөцөө, төллөх хугацааны зөрөө, үүр, байр, нүх засах байдал, хөөцөөний үеийн авир араншин зэрэг нь саланги бэлэгт амьтдын популяци дахь биологийн тусгаарлалт болно. Харин тоос ургах, үр жимс бүрэлдэн боловсрох хурд, хугацаа, тоос хүртээгч шавьжуудын ялгаа зэрэг нь солбицон тоос хүртээгч ургамлын популяци дахь биологийн тусгаарлалтын хэлбэрүүд юм.

Популяци доторхи шалгарал:

Тухайн зүйлийн байгалийн популяци нь удамшлын өөр өөр материал бүхий хэсэг бүлэг бодгалиудаас бүрдэнэ. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд гадаад төрх, физиологийн шинж чанараараа ялгаатай байдаг. Популяци дотроос олон үр удам гаргадаг, нөхөн төлжилт сайтай бодгалийн удам илүү ялгаран шалгардаг. Харин тухайн орчин нөхцөлд тохирсон хэм хэмжээнээс гажсан шинж тэмдэгтэй бүх бодгаль амьдралын төлөө тэмцэл, байгалийн шалгаралд шүүгдэн устдаг. 1899 онд Англид болсон их шуурганы үеэр үхсэн бор шувуудыг шинжиж үзэхэд гол төлөв хэт урт эсвэл хэт богино далавчтай байсан байна. Дунд зэргийн далавчтай шувууд нь амьд үлджээ.
Популяци нь түүхэн урт удаан хугацаанд хувьсал өөрчлөлт явах бодгалиудын бие даасан тогтвортой бүлэг болдог учир түүхэн хувьсах хөгжлийн анхдагч нэгж мөн.Популяци доторх бодгаль хоорондын амьдралын төлөө тэмцэлд зохицол муу, сул дорой бодгалиуд шахагдан зайлж орчиндоо илүү зохицсон ашигтай хувьсал бүхий бодгаль мэнд үлдэж үр удмаа төрүүлнэ. Ингэж популяци дотор удамших хувьсал, байгалийн шалгарал хоёр зэрэгцэн явна.

Салбар зүйл:

Энэ нь зүйлийг бүрдүүлэгч популяциас илүү томоохон бүлэглэл бөгөөд байгаль дээр орших тархац нутгаараа юмуу экологийн онцлог байдлаар ойролцоо популяциудаас бүрдэнэ. Жишээ нь: Төв Азид өргөн тархсан могой гүрвэлийн 4 салбар зүйл бий. Эдгээр нь биеийн хэмжээ, өнгө зүс, амьдрах орчны хувьд тус тусын онцлогтой ч өөр хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үр удмаа үлдээх боломжтой. Салбар зүйл нь популяцийн нэгэн адил зүйлийн оршин тогтнох хэлбэр бөгөөд орчны тодорхой нөхцөлд зохилдох зохилдолгоог хангадаг. Жишээ нь: Манай орны өндөр уулсаар голдуу амьдардаг аргаль нь биеийн хэлбэр, хэмжээ, амьлрах орчны төлөв байдлаар хоорондоо ялгарах 2 салбар зүйлтэй бөгөөд нэг нь Алтайн өндөр ууланд, нөгөө нь говийн бэсрэг ууланд тус тус амьдардаг байна.

Мэдээлэл


Англид 19-р зууны эхний хагаст хусны эрвээхий хэмээх нэгэн зүйлийн ихэнх популяцид бараавтар толбо бүхий цагаан саарал өнгийн далавчтай бодгалиуд зонхилдог байв.Учир нь эрвээхийний энэ өнгө модны холтсыг бүрхсэн хагны тод цайвар өнгөтэй гойд ижилсэн зохицдог байжээ. 19-р зууны 2-р хагаст аж үйлдвэрийн бүс нутгийн агаар мандал бохирдсоноос моддын холтсыг бүрхэж байсан хаг бүрэн мөхөж холтос утаа тортогоор бохирдон бараантсан байна. Үүнтэй уялдан дээрх бүс нутагт бараан өнгийн далавчтай эрвээхийнүүдийг ивээх чиглэлээр шалгарал явагджээ. Ингэснээр 20-р зууны эхээр аж үйлдвэржсэн бүс нутгуудад бараан өнгийн эрвээхий давамгайлах болсон. Эрвээхийн өнгийн энэ шалгарлыг тэдгээр эрвээхийгээр хооллодог шувууд явуулсныг туршилтаар тогтоожээ. Шувууд хагаар бүрхэгдсэн модон дээр буй бараан өнгийн, эсвэл хаг нь үхсэн модон дээр буй цайвар өнгийн эрвээхийнүүдийг тун хялбархнаар түүн идэж байв.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS