Powered by Blogger.
RSS
Container Icon
Showing posts with label Харилцаа. Show all posts
Showing posts with label Харилцаа. Show all posts

Цаг ба зорилтын менежмент

Цаг ба зорилтын менежмент

Луужин бол зүг чигийг заадаг. Амьдралынхаа эрхэм зорилго, алсын хараа буюу зорилгыг таньж мэдсэн хүн луужинтай байна гэсэн үг. Луужинтай байснаар амьдралд тань ямар зүйл нь чухал, илүү утга учиртай гэдгийг тодорхойлж өгдөг учраас та төөрөхгүй бөгөөд хугацаа алдахгүй юм. Амжилтад хүрэхийн тулд луужингаа харан, цагийн баримжаатай байж, төлөвлөсөн хугацаанд зөв зорилгод хүрэх болно. Та нэг долоо хоногт хийсэн бүх ажлаа жагсаан бичнэ үү. Дараа нь Стивен Ковейн цаг ба зорилтын менежментийн загварыг ашиглан дүгнэлт хийгээрэй.


“ А” чухал бөгөөд яаралтай
/Цаг ба луужинд төвлөрнө /

Үүнд таны амьдралд маш чухал алсын хараа , зорилготой тань холбоотой ажил үйлс орно. Тэгсэн мөртөө яаралтай ажлууд байна. Жишээ нь хугацаанд нь хүлээлгэж өгөх төсөл, яаралтай шийдвэрлэх асуудал, гайхалтай боломж, хямралаас гарах үйл явдал гэх мэт ажилд цаг хугацаа зарцуулах шаардлагатай. Тэгэхгүй бол та олон зүйлийг алдах боломжтой. Хийхгүйгээр хойшлуулсаны үр уршгаар зарим нэгэн чухал зүйлийг сандарч мэгдэн яаралтай хийж гүйцэтгэх хэрэгтэй болдог. Мөн зарим нэг асуудал гэнэт чухал болон хувирч, түүнийг яаралтай шийдвэрлэх шаардлага гарна. Таны өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлууд энэ ангилалд багтахдаа яаралтай байсан учраас уу аль эсвэл чухал байсан учраас “ А” ангилалд орсон уу? гэсэн асуултыг тавих хэрэгтэй.


“ Б” чухал бөгөөд яаралтай бус
/ Луужинд төвлөрнө/

Үүнд цаг хугацааны дарамт байхгүй амьдралын гол, чухал зүйлс багтдаг. Жишээ нь: амьдралын утга учир, байнга суралцах, хөгжих, амрах, өөрийн байр суурь, ажил мэргэжлээ хөгжүүлэх хэрэгцээ, хадгаламж, санхүүгийн төлөвлөлт, татварын зохицуулалт ба зөвлөгөө, зорилгын төлөвлөлт, шинэ боломжуудыг танин мэдэх гэх мэт
Амьдралаа эмх цэгцтэй удирдах, төлөвлөх хүсэлтэй хүмүүс энэ ангилалд багтдаг. Хэрвээ цаг хугацааны зохицуулалтад “ Б” ангилал давамгайлж байвал “ А” нь аяндаа суларна. Яаралтай зүйл болж мэгдэн сандрахаас өмнө чухал ажлуудаа төлөвлөх ёстой юм. Амьдралынхаа үнэтэй цаг хугацааг бид “ В” буюу “ Г” –д өнгөрүүлдэг нь үнэхээрийн харамсалтай.


“ В” яаралтай бөгөөд чухал бус
/ Цаг хугацаанд төвлөрнө /

Энэ цагийн системийг гаднаас нь харахад “ А” мэт санагддаг. Яагаад гэвэл яаралтай зүйл ихэнхдээ бөөн шуугиан дэгдээж чухал мэт сэтгэгдэл төрүүлдэг. Жишээлбэл: зээл авах, хүн болгоноос мөнгө гуйх, гэнэтийн төлбөр, яаралтай худалдан авалт, гэнэтийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, сануулга г.м “ В” нь хүмүүсийг өвчин намдаах эмийн адил саатуулан чухал зүйлсээс нь холдуулдаг аюултай. Эдгээр нь биднийг чухал зүйлээс холдуулах ёсгүй бөгөөд харин урьдчилан төлөвлөж, бусдад шилжүүлэн даалгах боломжтой ажлууд байдаг юм.


“ Г” чухал бус бөгөөд яаралтай бус
/ Цагт ч луужинд ч хамаарахгүй/


Энэ ангиллын ажилд хүн цаг хугацаа болон хүч чадлаа үр ашиггүй, дэмий зарцуулдаг. Жишээлбэл: шаардлагагүй эд зүйл худалдан авах, ихэнх цагаа зурагтын өмнө өнгөрөөх, хэрэггүй сэтгүүл, үнэ цэнэгүй ном унших, олон цагаар интернетэд суух, утсаар дэмий ярих, тамхи татах, согтох, сөрөг нөлөө бүхий хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх г.м Эдгээр зүйлсийг хийснээрээ хайран цаг хугацааг бид зүгээр л алдаж амьдралаа үрж байна гэсэн үг юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сайн сонсогч байх нь амжилтын үндэс


Бид яагаад сайн сонсогч байж чаддаггүй вэ?

  • Нөгөө хүнээ ярьж байхад нь зэрэгцэн ярих үедээ
  • Нөгөө хүнээ ярьж байхад өөрийн хэлэх үгээ бодож байх үедээ
  • Нөгөө хүндээ буулт хийхгүй гэсэн хатуу байр суурьтай үедээ
  • Нөгөө хүнээ өөрөөсөө дорд үзэх үедээ
  • Бусдаас суралцахаа мартах үедээ
  • Ямар нэг юмыг яарч шийдэх гэж хичээх үедээ

Бид яагаад бусдыг сонсох хэрэгтэй вэ?

  • Өөрийг нь анхааран сонсдог хүнд хүмүүс дуртай байдаг
  • Бусдыг өөртөө татах хамгийн шилдэг арга бол сайн сонсогч байх
  • Их сонсож бага ярь гэж хоёр чих, нэг ам заяасан учир сонсохдоо түргэн, ярихдаа удаан байх. Ярих нь мөнгө, чимээгүй байх нь алт
  • Бусдад ухаалаг хэмээн үнэлэгдэх шилдэг арга бол хүлээцтэй сонсох юм.
  • Сонссоноор бид суралцаж байдаг
  • Сонссоноор мэргэн шийдвэрт хүрэх боломжтой

Хэрхэн сайн сонсогч байх вэ?


  • Бусдыг сонсоход цаг гарга. Энэ нь та өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ төлөө хийж буй чухал хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй.
  • Сэтгэл зүрх, оюун бодлоо тухайн хүндээ бүрэн төвлөрүүл. Сонсож байхдаа өөр юм бодох, цагаа байн байн харах, утсаар ярих, нүүр царайндаа тоомжиргүй байдлыг харуулах, хааш яйш үл хүндэтгэсэн байдалтай суух зэргээс зайлсхий.
  • Сэтгэл зүрхээрээ сонсож байгаа гэдгээ мэдрүүл. Нүд рүү нь харах / гэхдээ тас ширтэхээс болгоомжил /, толгой дохих, ойлгож байгаагаа илэрхийлэх, товч үг хэлэх, хүндэтгэлтэй зөв суух
  • Ярьж буй зүйлийг нь тодруулах үүднээс товчхон асуулт асуух. Энэ нь тухайн хүнд цэгцтэй ярихад нь тус болдог
  • Сонсож байхдаа яарч бүү дүгнэлт хий. Бас дүгнэлтээ шууд бүү хэл
  • Ярьж буй хүнийхээ сэтгэл хөдлөлд, юу хэлэх гээд байгааг нь мэдэрч бай
  • Ярьж буй зүйлд нь аль болох эерэг өнцгөөс нь хандаж, урам өгөх нь чухал.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Уур бухимдлаа эерэгээр тайлах нь


Хүмүүс уур бухимдлаа нэг дор эсвэл аажмаар гаргацгаадаг. Уур уцаар бол сэтгэл хөдлөлийн үнэнч хэлбэр юм. Хэрэв түүнийг гадагш илэрхийлж гаргахгүй бол дотогш буглаж бугшсаар биеийн хаа нэгтээ хуримтлагдаж ямар нэг өвчин эмгэг болж хувирна. Шүүмжлэлийн адил бид нэг зүйл дахин дахин давтагдахад үргэлж уурладаг. Тэгээд түүнийгээ илэрхийлж гаргах эрхгүй мэт санаж, нэг гараа нөгөөгөөрөө барьж, цааш залгиж орхидог. Энэ нь яваандаа гомдол, дургүйцэл, тунирхал,бухимдал, шаналал, дарамт болж хувирдаг. Ийм болтол хүндрүүлэхгүйн тулд уурласан даруйдаа учрыг нь олж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргах нь чухал.
Уур бухимдлын учрыг олох олон эерэг арга зам бий. Эдгээрийн нэг нь уур хүргэсэн хүнтэйгээ нээлттэй, илэн далангүй ярилцаж, хоригдмол, баригдмал сэтгэл хөдлөлөө илэрхийлэх явдал. Уураа гаргах аргууд:
  • “ Чамд уур хүрч байна .Яагаад гэвэл...” гэж хэлж болно.
  • Толинд харж байгаад нөгөө уурыг чинь хүргэсэн нөхөртэйгээ ярьж байгаа мэт ярих. Толинд нүдээ сайн харж яриарай. Хэрэв ингэж чадахгүй бол хамар эсвэл ам руугаа харахыг хичээгээрэй. Тэгээд өөрийгөө нөгөө уурыг чинь хүргэж, ямар нэг буруу зүйл хийсэн этгээд гэж төсөөлөөрэй. Яг тэр уур хүргэсэн агшинг эргэн санаж, уурыг дахин танд мэдрэгдэхийг зөвшөөр. Тэгээд тэр хүнд яг юунаас болж уурласанаа хэл. Өөрт төрсөн бүх бухимдлаа гадагш гаргаж үзүүл. “ Би чамд маш их уурлаж байна. Яагаад гэвэл чи... тэгсэн учраас. Би маш их айж байна. Яагаад гэвэл чи... ингэсэн учраас” гэж хэл. Бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийл. Хэрэв биеэрээ ямар нэг зүйл хиймээр санагдвал дэрээ цохь. Цаанаасаа гарч буй уур, мэдрэмжийг иймэрхүү байдлаар илэрхийлэхээс бүү ай. Та өмнө нь хангалттай удаан хугацаанд уур бухимдлаа тэвчин барьж, дарсаар ирсэн шүү дээ. Айж ичээд, гэмшиж шаналаад байх хэрэггүй. Мэдрэмж гэдэг үйлдэлд хэлбэржсэн бодлууд шүү дээ. Тэд ямар нэг зорилгод чиглэгддэг ч мэдрэмжийг оюун тархи болоод биенээсээ чөлөөлж гаргах үед, оюун санаанд тань илүү өгөөжтэй, эерэг зүйл бий болох сул орон зай үүснэ.
Уур бухимдал – элгэнд муу
Уйтгар гуниг – уушгинд хортой
Санаа зовинох – ходоодонд хөнөөлтэй
Стресс – тархи болон зүрхийг гэмтээх аюултай
Айдас- бөөрөнд муугаар нөлөөлдөг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Стресс тайлах жор


Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээ биемахбодод муу нөлөөлдөг. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, хоолны шингэц муудах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, цусны эргэлт муудах, толгой өвдөх, биеийн дархлаа сулрах зэргээр хамрын ханиаднаас эхлээд элдвийн өвчинд баригдаж эхэлнэ. Өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд байвч өвчтэй хэвээрээ л байна. Хэрэг дээрээ өвчнийхөө дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь тэмцээд байгаагаас, үндсэн шалтгааныг нь олж, үүр уурхайг нь устгахгүй байна гэсэн үг. Стресс үүсэх, түүнд орох шалтгаан, үргэлжлэх явц зэрэг нь хүн бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд стрессийг эмчлэх нийтлэг, ганц, төгс арга хараахан бий болоогүй байна. Гэхдээ стрессээс дараах аргуудын аль тохирохыг нь хэрэглээд үзээрэй.

Шалтгааныг нь устга
Та ажлаасаа болж стресст ордог бол:
  • Өрөөнийхөө хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих.
  • Өөрийн хүч, толгой хүрэхгүй ажлаас татгалзаж, үгүй гэж хэлж сур.
  • Онцын хэрэггүй бол телевизээр гарч байгаа бүхнийг үзэх гэж өөрийгөө бүү албад.
  • Үнэхээр ажил чинь таалагддаггүй бол ажлаасаа гар.
  • Бусдын өмнөөс хариуцлага бүү хүлээ.
  • Хийж амжаагүй, чадаагүй зүйлийнхээ төлөө өөрийгөө бүү шийтгэ. Амжина.
Хамгийн гол нь та эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа бүтнэ.

Сайн хоолло
Биемахбодод хэрэгцээтэй эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бүрийн чанартай, илчлэгтэй, хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно.

Амарч цэнгэхээс бүү татгалз
Караоке орох, хотоос гадагш салхинд гарах, бааранд суух зэрэг найз нөхдийнхөө урилганд та “ явах уу?, байх уу? “ хэмээн эргэлзэж байгаа бол заавал яв. Та үнэхээр хүсээгүй бол эргэлзэхгүй байсан шүү дээ. Тэнд арай л өөр байх болно.

Амарсан шиг амарч сур
Та үнэхээр амарсан шиг амрахыг хүсч байвал гар утсаа салгаад, бүхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй холбоотой бүхий л асуудлуудыг бүрмөсөн авч хая. Удахгүй эргээд тэдэн дээр очно шүү дээ.
  • Спорт танхимд хөлсөө гартал штанг, гантиль өргө. Баг бүрдүүлээд сагс, волейбол, биллъяард гээд өөрийнхөө чаддаг төрлөөр тогло.
  • Үхтэлээ дурла.
  • Сэтгэл хөдөлгөм мелодрам, кино үзэх гэхчилэн өөрийнхөө чадах, дуртай бүхнээ улайран хий.
  • Өөрийгөө арчил. Гадаад төрхөө өөрчлөх нь хүнд урам зориг хайрлаж дахин төрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
  • Үснийхээ засалтыг өөрчил.
  • Шинэ хувцас худалдаж ав.
  • Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.
  • Бүх биедээ массаж хийлгэ.
  • Үнэртэй усаа соль.
Гол нь амьдралд хайртай байж, амьдралд хайртай байж, амьдралын сайн сайхныг мэдэрч, баярлаж хөөрч чаддаг бай.
  • Өөрийгөө хайрла. Шинэ өглөө бүрийг өөрийгөө магтахаас эхэл.
Таныг гайхалтай үйл явдлаар дүүрэн, гэрэл гэгээтэй, сайхан амьдрал хүлээж байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сайн эр нөхрийн 9 шинж


Нар дэлхий ертөнцийг бүхэлд нь илч гэрлээрээ гийгүүлж байдаг бол эр хүний сайн шинж чанар нь хүмүүний сэтгэлийг бүхэлд нь гийгүүлж байдаг билээ.

1.Өөртөө итгэлтэй байдал
Эр хүн өөртөө итгэлтэй байснаараа гутрах, өөрийгөө голох, хулчгар дорой байдлаас татгалзах чадвартай байдаг.
2. Өөрийгөө хянах чадвар
Эр хүн аливаа зүйлд сэтгэл зүйн бэлтгэлтэй, өөрийгөө удирдах, хянах чадвар сайтай байснаараа өөрийгөө дөвийлгөх зэрэг гэнэтийн зүйлтэй хутгалддаггүй.Согтууруулах ундаа, тамхи гэх зэрэг зүйлсийн донтолтоос өөрийгөө хамгаалж чаддаг ажээ.
3. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангадаг
Эр хүн гэр бүлийнхээ хэрэгцээг ямар нэг байдлаар хангаж, түүндээ бахархалтай байж чаддаг. Түүнд хүсэл эрмэлзэл, тодорхой түвшний хүсэл зорилго байх бөгөөд гэр бүлээ хэрхэн авч явах талаар өөрийн гэсэн бодолтой байдаг.
4. Итгэлтэй
Бүсгүйчүүдийн хувьд итгэлийг нь бүрэн олоогүй залуустай гэрлэнэ гэдэг элсэн дээр байшин барихтай ижил юм. Итгэж, итгэл даана гэдэг нь хайр сэтгэлдээ үнэнч байж, түүнийгээ хайрлан хамгаалж, тордох, өгсөн амлалтандаа хүрнэ гэдгийг хэн хэн нь мэдэж байна гэсэн үг юм.
5.Хардалтаас болгоомжилдог
Сайн эр нөхөр үргэлж эхнэрээ хардаад байдаггүй. Өөрт болон хайртдаа итгэдэг төдийгүй гэр бүлдээ хүсэл тэмүүллийг бий болгох эерэг арга замуудыг нээдэг. Хардалтаас үүдэлтэй сөрөг байдлууд аяндаа бий болдог учраас түүний аюул заналыг мэддэг.
6.Уучилж чаддаг
Бусдыг уучилж чаддаг байх нь эр хүний эрхэм чанаруудын нэг билээ. Энэ чанар нь тухайн хүнээс энэрэнгүй агаад уужим сэтгэлийг шаарддаг. Уурласан болон гомдсон байдлаас түргэн салж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд уужуу сэтгэл гарган уучилж чаддаг байх хэрэгтэй.
7.Гэр бүлийг чухалчилдаг
Эрчүүд ихэнхдээ хайраар дүүрэн халуун дулаан гэр бүлийг цогцлоон бий болгох туйлын хүсэлтэй байдаг.
8.Алсын хараа, зорилготой
Айл гэрийн эр нөхөр тулга тойрсон өнөө маргаашийн зүйлд анхаарах бус алс хэтээ зөв төлөвлөж аливаа зүйлсийн холыг харж, зорилгоо зөв тодорхойлох хараатай, ирээдүйдээ итгэлтэй байдаг.
9.Ханьтайгаа зөв харьцдаг
Ханиа хайрлаж, хүндэлж, тусалж гэр бүлийн ачааг хамтдаа үүрэлцдэг.Хайртыгаа сонсож сайхан байлгахыг хичээдэг, хэрэгтэй үед нь түүнийгээ хамгаалж, түшиг тулгуур хэрэгтэй болсон үед хайр халамжаа мэдрүүлж, амар тайван, сэтгэл түвшин байлгадаг. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бусдыг уучилж сурах


Уучлал нь хорсол, бардамнал, өс хонзон, уур хилэн, үзэн ядалтын даланг сэтэлдэг юм.Бусдыг уучлахын тулд зүрхэндээ буй бардамналаа орхих хэрэгтэй. Уучламтгай болсноор та гар бүл болон ажил дээрх уур амьсгалыг эерэг болгож чадна. Уучлал бол хайраас ч илүү харилцааны зэвсэг юм. Таныг зовоож, гуниглуулж, хохироосон хүнийг уучилж хүлээн авах нь тийм амар хэрэг биш харин хайр байсан цагт л ингэж чадна. Тиймээс уучлал нь хайрын хамгийн өндөр үнэ цэнэ гэж хэлж болно.
Дунд сургуулийн багш сурагчдаа нэгэн туршилтанд оролцохыг хүсчээ. Энэ туршлага нь “амьдралын” гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрчээ. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5 кг төмс, гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийгаа огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд бүрийн ширээн дээр төмс болон гялгар уут бэлэн болсон байв.Багш анги руугаа ороод өөр рүү нь харах сурагчиддаа “ За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юм уу дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор луугаа хий” гэжээ. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Бүх хүүхэд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь “ Одоо та нар тортой төмсөө хаа явсан газраа авч явна шүү, унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа ч, дэлгүүр явахдаа ч, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авчраарай” гэж хэлэв.Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв.7 хоног өнгөрч тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу? үгүй юу “ Багшаа ийм хүнд ачааг үргэлж тээж явах хэцүү байна. Төмс ялзарч эхэлсэн. Би залхаж байна” хэмээн гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж “ Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус ингэж өөрийгөө шийтгэж байдаг юм” гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээр бид өөртөө л хүнд ачаа үүрүүлдэг.” Эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг бол чиний өөртөө хийж байгаа хамгийн сайхан зүйл юм шүү” гэж хэллээ. Өгөөмөр сэтгэл энэ дэлхийн хамгийн том баялаг байдаг бол уучлал нь энэ ертөнцийн хамгийн том ялалт ажээ.

Хамгийн аюултай гэм бол Айдас
Хамгийн сайхан өдөр бол Өнөөдөр
Хамгийн аймаар луйварчин бол Өөрийгөө хуурдаг хүн
Хамгийн том алдаа бол Ухарч няцах
Хамгийн хүнд завхрал бол Бусдыг үзэн ядах
Хамгийн муу сэтгэл бол Хардалт
Хамгийн сайхан бэлэг бол Уучлал

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өөрийгөө хөгжүүлэх 24 арга


1.Өдөр бүр ном унш.
Ном бол хүний тархийг задалж , амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг агуу шидтэн билээ. Ном унших тусам тархины мэдлэг тэлэхээс гадна олсон бүх мэдлэг тань системчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэж түүнийгээ ашиглах чадвар өснө.
2. Гадаад хэл сур.
Шинэ хэл сурна гэдэг шинэ соёл, шинэ харилцаа,шинэ амжилтыг бий болгодог.
3. Шинэ хоббитой бол.
Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спортын төрөл, хөгжим дуу юу ч байж болно. Шинэ зүйл сурах,шинэ ур чадвар эзэмших нь биемахбод болон оюун ухаан, сэтгэлийг өөрөөр дадлагажихыг шаарддаг.
4. Шинэ курст бүртгүүл.
Танд хамрагдахыг хүсдэг курс,дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж юм. Таны хамрагдах курс, дугуйлан заавал урт хугацаатай байх албагүй.Хамгийн гол нь танд гоё дурсамж, шинэ туршлагыг үлдээх ёстой юм.
5.Айдсаа ялан дийл.
Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айх айдас, эрсдэл хийхээс айх айдас гээд олон төрлийн айдас биднийг өсөж дэвжихэд саад болдог. Тиймээс айдсыг даван дийлж сурах нь чухал.
6.У чадвараа дүгнэ.
Хүн бүр аливаа зүйлийг өөр өөр ур чадвараар хийдэг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүлэх нь таны ажил, амжилтын хил хязгаарыг тэлж өгдөг байна.
7.Эрт бос.
Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээ ч үд болтол унтдаггүй. Эртэч шаазгай буга барина гэсэн үг бий шүү дээ.
8.Тогтмол дасгал хий.
Идэвхтэй амьдрал биднээс зөвхөн хичээл, ажлыг бус идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байхыг шаарддаг. Тиймээс долоо хоногт нэгээс хоёр удаа спортоор хичээллэх эсвэл ямар нэг хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэй.
9.Ирээдүйн амьдралаа төлөвлөн бич.
Ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа, таван жилийн дараа хаана хүрэх, хэдэн төгрөгний орлоготой болохыг хүсч байгаагаа бүгдийг бичиж төлөвлөх хэрэгтэй. Түүнийгээ байнга харж, түүндээ хэрхэн хүрэх талаар тунгаан бодож алхам бүртээ төлөвлөж байх хэрэгтэй.
10.Дасал болсон газраасаа холд.
Жинхэнэ амжилт нь ажил хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Амар тайван газар хүн хөгжиж дэвших нь ховор. Хийж үзээгүй зүйлээ хийх, очиж үзээгүй газраа очиж үзэх хэрэгтэй. Аюулгүйн тойргоосоо гар.
11. Өөрийгөө сорь.
Өрсөлдөөн, аливаа сорилт нь хүнийг хатуужуулдаг. Хэл сурч байгаа бол сард хэдэн шинэ үг сурч чадахаа хар. Хэрвээ турах гэж байгаа бол сард хэр их жин хасаж чадахаа үз.
12. Бусдын бодлыг сонс.
Хүн өөрийн дутагдлаа харж чаддаггүй. Харин бидний дутагдлыг хөндлөнгийн хүн хамгийн сайн олж хардаг билээ. Тиймээс үе үе өөрийнхөө талаарх бусдын бодлыг сонсож бай. Танд тустай.
13. Ажлын төлөвлөгөө гаргаж сур.
Төлөвлөгөөгүйгээр ажиллах нь хүнийг бүтээл муутай амьдрахад хүргэдэг. Өдөр бүр орой унтахаасаа өмнө эсвэл ажил тарахын өмнөхөн маргааш хийж амжуулах ажлын төлөвлөгөөгөө гаргаж занш. Харин тэрхүү төлөвлөгөөгөө аль болох шахуу, үр бүтээлтэй байхаар төлөвлө. Хамгийн гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах нь чухал гэдгийг санаарай.
14. Өөрийн сул талаа зас.
Хүн бүрт сул тал гэж байдаг. Өөрийн сул талуудаа жагсааж бичээд эхнээс нь өөрчлөхийн тулд ажиллаж эхэл. Ямар сул талаа хэрхэн засах талаар төлөвлөгөө гарга. Хэсэг хугацааны дараа та цоо шинэ хүн болсон байх болно.
15. Таныг гайхашруулдаг хүмүүсээс суралц.
Хэн таныг гайхашруулдаг вэ? Тэдэнд таны өөртөө эзэмшихийг хүсч байгаа ур чадварууд байгаа. Тэгвэл яг ямар зан чанар нь таныг гайхашруулаад байна вэ? Та хэрхэн тэрхүү чадварыг эзэмших вэ? гэдгийг бодож үзээрзй.
16. Муу зуршлаасаа сал.
Бидний муу зуршлууд амжилтаас маань хойш татан чангааж байдаг. Тиймээс муу зуршлуудаасаа хурдан салахын тулд танаас маш их зүтгэл шаардагдах болно.
17. Шинэ зуршилтай бол.
Эрт босох, ном унших, өдөр бүр шинэ үг цээжлэх, дасгал хөдөлгөөн хийх гээд өөрт хэрэгтэй шинэ зуршлыг өөртөө хэвшүүл. Зөв хэвшил нь хүний амжилтанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
18.Сөрөг хүмүүсээс хол бай.
Хаа ч очсон сөрөг энергитэй хүмүүс олон байдаг. Аль болох тэдний хажууд байхаас татгалз.
19.Хэцүү хүмүүстэй харьцаж сур.
Хэдий харьцахад хэцүү ч салж болдоггүй хүмүүс гэж байдаг. Хэдийгээр таныг цухалдуулж байсан ч аргыг нь олж харьцаж сурах нь нэн чухал. Тэдэнтэй харьцаж сурснаар та ирээдүйд ямар ч хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг.
20.Тэмдэглэл хөтөл.
Тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө хянах сайн арга. Өөрт тохиолдсон явдал, уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, гаргасан шийдвэр нь ямар үр дүн дагуулсан болон энэ асуудлын талаар хөндлөнгийн хүн ямар үзэл бодолтой байсан гээд өөрийн мэдэж авсан туршлага, сурсан зүйлээ бичиж тэмдэглэх нь таны оюун бодол, сэтгэл санааг тэнцвэртэй байхад тусалдаг.
21. Шатар тоглож сур.
Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглож сурах нь амьдралд хэрэгтэй олон стратегийг олж авахад нэмэртэй.
22. Нэг сарыг зорилтын сар болго.
Сарын дотор хэрэгжүүлэх ямар нэг зорилт тавь.Тодорхой хэмжээнд жин хасах, боть ном уншиж дуусгах зэргээр.
23. Өнгөрснөөсөө чөлөөлөгд.
Өнгөрсөн амьдралын таагүй дурсамжууд сэтгэл гонсойлгодог нь мэдээж. Өнгөрсөн амьдралынхаа алдаа дутагдлын төлөө өөрийгөө уучилж, таагүй дурсамжуудаасаа салах хэрэгтэй. Эс тэгвээс тэдгээр нь таныг хойш чангааж, урагшлах замд тань саад хийсээр байх болно. Өнгөрснийг мартаад, өнөөдөртөө төвлөрөн маргаашийн төлөө амьдар.
24. Өдөрт заавал нэг удаа өөрийгөө хөгжүүлэх нийтлэл, зөвлөгөө уншиж бай.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бухимдлаа тайлах аргууд


Стресс буюу бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Стрессээ зөв тайлж сурсанаар түүний сөрөг нөлөөг бууруулах, урьдчилан сэргийлэх улмаар эрүүл мэндийн байдал болон амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжийг нэмэгдүүлнэ.

1. Бишрэн шүт
Та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бишрэн шүтэхдээ бурхан, шашин, байгаль эх дэлхий , эцэг эх,ах дүү, хань нөхөр, үр хүүхдээ юм уу аль л өөрт сэтгэлийн таашаал өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана.

2. Өөрийгөө тань.
Та өөрөөсөө аль нэг сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцсаа өмс,өөрийнхөө сайн сайхан явсныг сана. Өөрийгөө ямагт сайхнаар бод.

3. Ажлаа хуваарил, төлөвлө
Та их ядарсан, ажил чинь бүтэл муутай эсвэл яарч сандрах үедээ хийж буй ажлаа эргээд нэг төлөвлө. Одоо онц чухал биш ажлаа түр хойш тавь. Үнэт цагийг үр ашигтай өнгөрөөхийг хичээ.

4. Зөв амар
Та их ачаалалтай байсан ч завсарлага амралтаа эдлэхийг хичээ. Үдийн хоол ундаа тавтай идэж уусны дараа хоромхон зуур ч гэсэн унтаж байх хэрэгтэй.

5.Дасгал хөдөлгөөн хий
Хэт ачаалал, ажил хөдөлмөр, аливаа зүйлтэй холбоотой сэтгэл бухимдлын үед биеийн чөлөөт хөдөлгөөн хий. Цэвэр агаарт 3- 8 км орчим зайд түргэн алхаагаар зугаалж явахад тархи хүчилтөрөгчөөр ханатлаа амьсгалж ухаан улам саруул болж аяндаа сэтгэл баясч бухимдал тайлагдана.

6.Хамт олонтойгоо бай.
Сэтгэл тааламжгүй үедээ та дуулах, бүжиглэх, шүлэг унших, уран зохиол ярилцаж өөрийнхөө болоод бусдын сэтгэлийг өөд нь тат.

7.Инээмсэглэж яв.
Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж та өөрөө дандаа инээмсэглэж бусдыг инээлгэж яваарай.

8.Бусдын зовлонг хуваалц.
Сэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг хичээ.

9.Хамтран ярилц.
Хамт олон, гэр бүл, ах дүү нартайгаа хамтран ярилцаж төлөвлөгөө, шийдвэр гаргаж байх нь сэтгэлийн бухимдлаа тайлах хамгийн сайн арга.

10.Дуу хөгжим сонирх
Та сайхан дуу хөгжим сонсох, өөрөө болон хүмүүстэй хамтран дуулах, хөгжимдөх нь хийморийг сэргээж сэтгэлийг тайвшруулна.

11. Биеийн тамираар хичээллэ.
Гүйх, теннис, хөл бөмбөг,сагсан бөмбөг тоглох зэрэгт тархины цусан хангамж эрс сайжирч , эд эсүүд хүчилтөрөгчөөр ханаж, тааламжтай сэтгэл хөдлөлүүд үүснэ. Нөгөө талаас булчингийн агшилтын явцад биемахбодид үүссэн үлэмж хэмжээний сүүний хүчлийн нөлөөгөөр бухимдал тайлагдана.

12. Мэдрэхүйгээ сайжруул
Хэт их ачаалал, сэтгэл тавгүй үед өөрөө өөртөө болон хүнээр иллэг хийлгүүлэх нь сэтгэлийг тайвшруулан биеийн чилээг гаргана. Ялангуяа нурууны голоор иллэг хийлгэхэд бие сэргэнэ.

13. Амьсгалын дасгал хий.
Гүнзгий амьсгал авах нь зүрх, уушгины үйл ажиллагааг сайжруулдаг. Амьсгалын дасгал хийхдээ тухтай сууж удаан болон гүнзгий амьсгал.Энэ дасгалыг 5 минутын турш хийнэ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Мөнгөө хэрхэн ухаалгаар зарцуулах вэ?


Хүний амьдралын мартагдашгүй сайхан үеийн нэг нь яахын аргагүй оюутан нас билээ. Гэхдээ оюутан нас баяр хөөр,зугаа цэнгэлээр дүүрэн байхаас гадна санхүүгийн асуудлаар ч дүүрэн байдаг. Сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, дотуур байрны төлбөр, хоол ундны төлбөр гэх мэтээр үргэлжлэх зардлууд оюутан насны амьдралд дарамт болдог. Гэхдээ бага зэрэг ухаалаг зарцуулалт хийснээр танд олон боломж нээгдэх юм.

Ухаалаг хэмнэлт хийхэд тань тус болох дараах хэдэн зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

  1. Хичээлдээ хэрэглэх ном товхимол худалдан авахдаа цоо шинийг биш,хуучныг худалдаж авах. Мөн жилийн эцэст хэрэглэж дууссан номоо доод курсынхэндээ зарах
  2. Сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийхгүй байх
  3. Өөрөө хоолоо хийдэг байх. Гадуур хоол идэх тоогоо аль болох багасгах
  4. Боломжтой бол сургууль гэрийн хооронд алх
  5. Бусадтай хамтарч амьдар. Ингэснээр өрөөний түрээсээ хуваах боломжтой.
  6. Мөн хоолны зардлаа хуваа. Ихэнх тохиолдолд хүн өөрийнхөө идэж чадахаас илүү хоол хийчихдэг тул бусадтай хамтарч хоолоо хийвэл ийм асуудал гарах нь багасна.
  7. Гар утасны хамгийн хямд багцыг сонгох.Хязгааргүй мессеж бичх эрхтэй багц тохиромжтой.
  8. Худалдан авалт хийхдээ шинэ жил, цагаан сар гэх мэт аль болох хямдрал, урамшуулалтай байдаг саруудыг хүлээ.
  9. Хичээлд онцын шаардлагагүй эд зүйлс авахаасаа өмнө сайтар бод. Хичээлээ нөүтбүүк дээрээ шивчихэж болохоор байхад олон дэвтэр цаас, бал худалдаж авах шаардлага заавал байгаа юу гэдгийг өөрөөсөө асуугаад үзээрэй.
  10. Зөвхөн богино хугацаанд л хэрэг болох номыг заавал худалдаж авах шаардлагагүй. Номын сангаас, эсвэл танилаасаа түр зээлээд буцаагаад өгчихөж болно.
  11. Хичээлдээ яв. Нэгэнт төлбөрийг нь төлчихсөн тул хичээлээ таслах нь мөнгөө салхинд хийсгэж байгаатай адил юм.
  12. Аль болох ус уу. Үнэгүй бас тэгээд эрүүл мэндэд нөлөөтэй.
  13. Хичээлдээ хэрэглэхгүй зүйл авахын тулд хэзээ ч бүү зээл ав.
  14. Өндөр хүүтэй хадгаламжинд мөнгө байршуулж занш. Танд хэзээ гэнэт мөнгө хэрэг болохыг хэлж мэдэхгүй шүү дээ.
  15. Тамхи болон пиво уудаг бол аль болох тохируулж хэрэглэх
  16. Гэдэс өлссөн байхдаа хүнсний дэлгүүр битгий хэс.
  17. Ухаалаг утастай бол мобайл түрүүвчний аппликэйшн суулга. Ингэснээр хаана, хэзээ хамгийн их мөнгө үрж байгаагаа мэдэх боломжтой.
  18. Харин ухаалаг утас байхгүй бол дугтуйны систем ашигла. Дугтуйны систем нь хялбар ойлгомжтой бас төсөвтөө тааруулж мөнгөө зарцуулахад хамгийн хялбар арга юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Харилцааны зорилго

Харилцааны зорилго

Харилцаа нь хүний эвийг олох уран чадвар, өөрийн зорилгодоо хүрэхийн тулд тухайн нөхцөл байдалд өөрийгөө удирдан жолоодох сэтгэл зүйн нарийн нандин урлаг юм.Харилцаа нь дараах зорилгыг агуулж байдаг.Үүнд:
  1. Хэлхээ холбоо тогтоох
  2. Мэдээлэх, мэдээлэл солилцох
  3. Хамтын үйлийг зохион байгуулах
  4. Сэтгэл хөдлөл – Зоригийн харилцан нөлөөлөл үзүүлэх, өдөөн урамшуулах
  5. Бусдын дотоод сэтгэл зүйг эзэмдэх, бие хүнийг таних
  6. Үг хэл, нүүр царай, үйл хөдлөлийн тусламжтай бодол саналаа илэрхийлэх
  7. Зөв зохистой харилцан ойлголцох
  8. Бие хүний чанарыг төлөвшүүлэх хүмүүжүүлэх зорилтыг шийдвэрлэх зэрэг олон талт зорилго бүхий үүрэг гүйцэтгэнэ.
Харилцааг амжилттай болгоход эерэгээр нөлөөлдөг
хүчин зүйлс
  • Өөртөө итгэлтэй байх чадвар
  • Харилцагч талууд бие биенээ хүндэтгэсэн байдал
  • Хувь хүний зан төлөвийн онцлог
  • Таатай орчин бүрдсэн байх
  • Ярианы сэдэв сонирхолтой байх
  • Сонсох чадвар
  • Хүлээцтэй хандах чадвар


Харилцааг амжилттай болгоход сөргөөр нөлөөлдөг
хүчин зүйлс
  • Өөртөө итгэлгүй байх
  • Харилцагч талууд бие биенээ үл ойшоох
  • Хувь хүний зан төлөвийн онцлог
  • Ярианы сэдэв сонирхолгүй байх
  • Үзэл бодлын зөрүү, бусдад өөрийн үзэл бодлыг тулгах
  • Хүнд суртал, биеэ тоосон ба зиндаархсан байдал
  • Орчны тааламжгүй байдал
  • Цаг үеэ олоогүй байх

Харилцааны үед гаргадаг нийтлэг алдаанууд

  • Зааж сургах
  • Нөхцөл байдлыг гартаа авах гэж оролдох
  • Сургамжлах
  • Байцаах
  • Шүүмжлэх
  • Хоосон амлалт
  • Басамжлал
  • Хараат байдалд оруулах гэж оролдох

Харилцаанд гарч болох хүндрэлүүд

1.Өөртөө итгэлгүй , хүлцэнгүй, түрэмгий байдал, өөрийгөө бусдад зөв ойлгуулж чадахгүй байх нь:
  • Асуудлаа шийдвэрлэж чадахгүй болох
  • Зөвшилцөлд хүрч чадахгүй байх
  • Яриа тасарч цаашид үргэлжлэх боломжгүй болох гэх мэт
2. Хүндрэлээс гарах арга замууд:
  • Харилцагч талууд бие биенээ ойлгох
  • Өөртөө итгэлтэй байх
  • Харилцан буулт хийх
  • Зөвшилцөлд хүрэх

Харилцааны хэрэгслүүд

Хүмүүсийн хоорондын харилцааны агуулгыг дараах хэрэгслүүдийн тусламжтайгаар илэрхийлдэг байна. Үүнд:
  • Хэл яриа / дуу авианы өнгө, аялга, дуудлага /
  • Биеийн хэлэмж / гадаад төрх байдал, нүүр царай, гар биеийн хувирал өөрчлөлт, бие биедээ хандах хандлага, харилцан байрлал, зай, харцны чиглэл, булчин хөдөлгөөний мэдрэмтгий чанар, дохио, зангаа, сэтгэгдэл гэх мэт /
  • Зураг дүрслэл / фото, кино, видео/
  • Шууд бус харилцах хэрэгслүүд / гар утас, телевиз, телефон, факс, сонин хэвлэл, холбоо, интернет, Е – майл /
Энэ хэрэгслүүд нь харилцагчийн тухай мэдээллийг дээд зэргээр агуулдаг учир харилцааг идэвхтэй болгоход олон талаар нөлөөлдөг.



Харилцааны хэлбэрүүд

  • Өөртөө итгэлтэй байх
  • Өөртөө итгэлгүй байх
  • Түрэмгий байх

Өөртөө итгэлтэй байх шинж чанарууд


  • Бусдын эрхийг хохироолгүй өөрийн эрх ашгийг хамгаалах
  • Сонсож ба ярьж чаддаг, эерэг ба сөрөг сэтгэл хөдлөл илэрдэг
  • Тулгамдсан асуудлыг тэвчээртэйгээр өөрийн эрх ашгийг хохироолгүй шийдвэрлэдэг
  • Ямар ч нөхцөлд буруу алхам хийхээс зайлсхийж чаддаг


Үр дагавар

  • Өөртөө итгэлтэй, үзэл бодлоо хамгаалж чадна.
  • Өөрийгөө болон бусдыг эвгүй байдалд оруулахаас зайлсхийнэ.
  • Аливаа алдаа эндэгдлээс сэргийлнэ.
  • Ихэнхдээ хүссэндээ хүрдэг.

Өөртөө итгэлгүй байх шинж чанарууд

  • Сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирно.
  • Өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд ямар нэгэн үйлдэл хийдэггүй.

Үр дагавар

  • Бусдын эрхшээл муу нөлөөнд автагдана.
  • Өөрийн хүсэл зорилгодоо хүрч чадахгүй болно.
  • Уур бухимдалтай байна.

Түрэмгий байх шинж чанарууд

  • Хувиа хичээсэн, бусдыг хайрлаж, хүндэтгэдэггүй өөрөө өөрийгөө бодох
  • Өөрийн явцуу сонирхлоор бусадтай харилцах
  • Харилцагч хүнээ эрхшээлдээ оруулахыг хичээж, өөрийн хүсэл сонирхлыг тулгадаг
  • Өөрийнхөө сонирхлыг биелүүлэхийн тулд бусдыг ашигладаг

Үр дагавар

  • Бусдын сэтгэл санаанд дарамт учруулах
  • Бусад хүмүүс чамайг хүндлэхгүй болж нэр хүндээ алдана.
  • Орчин тойрондоо байгаа хүмүүсийн дургүйцэл зэвүүцлийг хүргэнэ.
  • Санасандаа хүрэх боловч бусдыг хохирооно.

Харилцааны ур чадварууд

  • Сонсох
Анхааралтай бүрэн гүйцэд сонсох
Харилцагчийн нүд рүү харах
Харилцагчийн ярьж буй зүйлийг үнэн сэтгэлээсээ сонирхож
байгаагаа мэдрүүлэх

  • Асуулт тавих
Мэдрэмжтэй
Тодорхой
Нээлттэй, хаалттай
Гол асуудал руу чиглэсэн

  • Нууц хадгалалт
Үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол
учруулах
Олон нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа
тохиолдолд


Харилцаа ба темперамент

Темперамент гэдэг нь хүний зан байдлыг ерөнхийд нь тодорхойлогч, хүний сэтгэл зүйн төрөлхийн шинж чанар, мэдрэлийн тогтолцооны хэв шинж, хөгжил хөдөлгөөн хүнтэй харилцах байдлыг илэрхийлэгч тогтвортой шинж юм.Төрөлх араншин нь хүний хэл яриа, биеийн хөдөлгөөний хурд, биеийн хэлэмж, алхаа гишгээ,нүүр царайны хувирал зэргээр гадаад талдаа олон янзаар илэрч байдаг.
Хүмүүстэй нэг бүрчлэн харилцах, хамтран ажиллахад ялангуяа удирдах, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд хүмүүсийн төрөлх араншингийн онцлогийг харгалзах шаардлагатай байдаг. Энэ нь харилцааны үр дүн , тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй.
Темперамент бүр өөр өөрийн өвөрмөц онцлогтой байдаг тул бусадтай харилцахдаа энэ онцлогт тохируулах хэрэгтэй болдог.\
Сангвиник
Сайн тал
  • Хурдан шалмаг хөдөлгөөнтэй
  • Орчиндоо амархан зохицдог
  • Шинэ зүйлийг санаачлахдаа сайн
  • Хурдан сэтгэдэг
  • Хамт олонч, амьдралын баяр баясгалантай
  • Нийтэч
  • Дуулгавартай
  • Тусархаг
  • Хүч чармайлт гаргалгүй анхаарлаа нэг зүйлээс нөгөөд шилжүүлж чаддаг
Муу тал
  • Тавьсан зорилгодоо хүрэх тэмцэл муу
  • Тууштай биш
  • Анхаарал нь амархан сарнидаг
  • Тэсвэр тэвчээргүй
  • Мартамтгай
Холерик
Сайн тал
  • Түргэн огцом хөдөлгөөнтэй
  • Самбаатай дайчин
  • Сэтгэл хөдлөмтгий
  • Авъяастай
  • Шулуун шударга
  • Шийдэмгий хүчтэй
Муу тал
  • Гэнэт дүрсхийн уурладаг
  • Мартамхай
  • Хүлээн тэсвэрлэхийн цагт бухимдан бачимдаж, ялимгүй шалтаг гарахад уурладаг
  • Хүчээ буруу тооцсоноос болж амархан шантардаг, дараа нь илүү ачаалалтай ажиллаж улмаар сэтгэлийн дарамтад ордог
  • Зөрүүд
  • Хөөрүү
Флегматик

Сайн тал
  • Тайван, амгалан, тавьсан зорилгодоо хүрэхийг эрмэлздэг
  • Сэтгэлийн хөдөлгөөн тогтвортой
  • Хатуужил, тэвчээртэй
  • Юмыг тусгаж авахдаа сайн, үлдэц сайтай
  • Амьдралын бэрхшээлийг даах тэсвэр, чадвартай
  • Шүүмжлэлийг тайван хүлээж авдаг
Муу тал
  • Хурдан шалмаг биш
  • Шинэ нөхцөл байдал, хүмүүст удаан дасдаг
  • Асуудлыг шийдвэрлэхдээ удаан
  • Асуудалд тодорхой байр, суурьгүй
  • Зөрүүд
  • Шинэ зүйлийг хоёр удаа давтан хэлэх шаардлагатай байдаг
  • Өөрийнхөө дадал зуршлыг өөрчлөхийг хүсдэггүй
Меланхолик
Сайн тал
  • Биеийн хөдөлгөөн удаан мөртлөө сэтгэлийн үлэмж хөдөлгөөнтэй
  • Эхэлсэн ажил үйлсээ бүрэн дуусгадаг
  • Даруу, төлөв, дуулгавартай
  • Уурлах явдал бараг гардаггүй
Муу тал
  • Шийдмэг бус идэвх муутай
  • Хүнд хэцүү үе тохиолдоход амархан шантарч, сэтгэл алдарч, амархан гутардаг
  • Бусдад буумтгай
  • Бусдын үгэнд оромтгой
  • Ганцаараа ажиллах дуртай
  • Өөрийн хүчинд итгэл муутай

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Баян чинээлэгийн 10 нууц



Нэг дэхь нууц: Далд ухамсар дахь итгэл
Хүмүүс өөрсдийн хүрэх боломжтой зүйлдээ тэр бүр хүрч чаддаггүй. Тэд өөрсдийн хүрч чадах байх гэж бодсон тэр зүйлдээ л хүрдэг. Бидний амьдралын бүх л нөхцөл байдал нь далд ухамсар дахь итгэл үнэмшлийн тусгал юм. Хүмүүс олж чадна гэж өөрсдөө бодсон хэмжээгээрээ л мөнгийг олдог. Далд ухамсар дахь итгэл үнэмшлээ өөртөө итгүүлэх замаар өөрчилж болно. Бидний ухаан хүрч чадах, түүний итгэж чадах бүхэнд бид хүрэх боломжтой.Өөрийгөө ялж чадна хэмээн итгэсэн тэр хүн л ялдаг.

Хоёр дахь нууц: Ухаан бодлыг эзэмдэгч хүслийн хүч
Хэрвээ та одоогоор жинхэнэ баялгийг бүтээгээгүй, эзэмшээгүй байгаа бол энэ тухай хүсэл таныг бүрэн эзэмдээгүй л гэсэн үг. Ухаан бодлыг эзэмдсэн их хүсэлгүйгээр та амьдралдаа ямар нэгэн юманд хүрэхгүй. Жишээ нь: Хэрвээ та тоолж баршгүй эд баялагийн эзэн болбол ирээдүйд амсах баяр цэнгэлээ тодорхой дүрслэн бодох

Гурав дахь нууц: Зорилго чиглэл тодорхой байхын хүч
Та чухам юу хүсч байгаа, яагаад хүсч байгаагаа тодорхой мэдэж байгаа нөхцөлд амьдралдаа хүссэн бүхэндээ хүрэх болно. Та өөрийн зорилго, яагаад түүнд хүрэхийг хүсч буй шалтгаанаа, түүнийг хийх цагаа нарийн тодорхойлох хэрэгтэй. Та олж авахыг хүсч байгаа мөнгөнийхөө тодорхой тоо хэмжээ, түүгээрээ худалдаж авах ёстой эд хөрөнгөнийхөө тодорхой шинж чанар, үзүүлэлт, тэдгээрээ хэрхэн ашиглахаа тодорхойлох ёстой.Зорилгоо үргэлж одоо цаг дээр, эерэг нотолгоо байдлаар томъёол.Жишээлбэл: Өнөөдрөөс эхлэн мөнгөтэй болсон байхаар товлосон өдрөө заа ... хүртэл би ... хэмжээний мөнгө олно гэж. Зорилгуудаа бичээд өдөрт 3 удаа унш. Тэдгээр зорилгодоо хүрснээр төсөөлж мэдэр. Зорилгодоо хүрэх ёстой шалтгаануудаа олж тогтоо. Баян байна гэдэг зүгээр нэг мөнгө, эд хогшлыг цуглуулж хураах явдал биш, харин хүслээ биелүүлэхэд тань дээрх мөнгөний өгөх хүч чадал гэдгийг сана.

Дөрөв дэхь нууц: Бодож боловсруулсан төлөвлөгөөний хүч
Хэрвээ та тавьсан зорилгодоо хүрнэ гэдэгтээ итгэлтэй байхыг хүсвэл түүндээ хүрэх төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.Ямар ч асуудлыг шийдэх алтан зарчмыг үргэлж санах хэрэгтэй. Хэрвээ та ямар нэг ажилд амжилт олохыг хүсвэл зохион байгуулалттай байх нь зүйтэй. Өмнөө тавьсан зорилго бүрийнхээ тухайд түүндээ хүрэх арван боломжит хувилбарыг харуулсан төлөвлөгөө гарга.

Тав дахь нууц: Тусгай мэдлэгийн хүч
Их баялаг хуримтлуулж чадсан хэн ч гэсэн үүнийгээ татварын эрх, хөрөнгө оруулалт ба хадгаламжийн хөтөлбөрүүд, өөрийн бизнесийн салбарын тухай, мөн хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээний тухай тусгай мэдлэггүйгээр хийж байгаагүй. Мэдлэг нь түүнийг тодорхой зорилгод хүрэхийн тулд зохион байгуулалттайгаар, ухаалгаар, үйл ажиллагааны бодит хөтөлбөрийн дагуу ашигласан үед л хүч болж хувирна. Шаардлагатай бүх мэдээллийг та хаанаас яаж олохоо мэддэг байх ёстой.

Зургаа дахь нууц: Цөхрөлтгүй шургуу байхын хүч
Амжилтыг ганц оролдлогоор олдоггүй бөгөөд энэ нь олон, олон оролдлогын нийлбэр үр дүн юм. Амжилтанд хүрдэг хүмүүс ба хүрч чаддаггүй хүмүүсийн ялгаа нь тэдний авьяас чадвараас илүү шургуу чанарт нь байдаг. Хүсэн хүлээсэн үр дүнд тань хүргээгүй оролдлого бүрийн дараа “ Аль хүртэл би зөв явав?” гэж өөрөөсөө асуу. Энэ нь дараагийн оролдлогоо хийхэд тань зоригжуулах болно. Хийсэн оролдлого бүрийнхээ туршлага дээр суралцаж чадвал хичээл зүтгэл тань амжилтын титэмд заавал хүргэх болно.

Долоо дахь нууц: Зардлаа хянахын хүч
Баян чинээлэг байдал нь хэр их мөнгө олж байгаагаас биш, олсон мөнгөөрөө хэр сайхан амьдарч чадаж байгаагаас шалтгаална. Зардлаа хянах нь байгаа мөнгөнийхөө хэмжээнд аз жаргалтай амьдарч тэр мөнгөө нэмэгдүүлэхэд тусална. Санхүүгийн боломж нь хязгаарлагдмал байгаа хүн бүр тогтмол орлоготой болохын тулд зардлаа хянах хэрэгтэй.
  1. Орлогынхоо тодорхой хэсгийг хадгалах
  2. Орлогынхоо арван хувийг хадгаламжинд зориул.Энэ нь ирээдүйн баялгийг бүтээхийн эхлэл болно.
  3. Та өөрөө үргэлж мөнгөний төлөө ажиллаж байснаас мөнгө таны төлөө ажилласан нь дээр биш үү.
Найм дахь нууц: Үнэнч шударга байхын хүч
“ Хүн ертөнцийг эзлэвч сэтгэл зүрхээ алдаж орхивол ямар хэрэг байх билээ”, Худал, хуурмаг, хулгай луйвраар баялаг бүтээх гэж оролдох нь элсэн дээр байшин барихтай л адил. Бизнестээ болон хувийн амьдралдаа аливааг бүтээх аргыг сонгох үедээ дараах хэдэн асуултыг өөртөө тавьж бай.
  1. Миний хийх гэж буй зүйл хууль зүйд нийцэх үү?
  2. Миний хийх гэж буй зүйл ёс зүйд нийцэх үү?
  3. Үүний дараа би өөрөөрөө бахархаж чадах уу?
  4. Энэ тухай ойр дотны хүмүүс минь мэдвэл яах бол?
  5. Үүний дараа би өөрийгөө хүндэлж чадах уу?
Ес дэхь нууц: Итгэлийн хүч
Танд итгэл буй ямар нэг төслийг авч үзэхдээ үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бодож боловсруулаад биелэх боломжтой эсэхийг нь шалга. Дараа нь “ Хэрвээ би зайлшгүй амжилт олно гэдгээ мэдэж байсан бол яах байсан бэ?” гэж асуу. Зоригтой бай, тэгвэл агуу их хүч туслахаар ирнэ. Дотоод мэдрэхүйдээ итгэж зөн совингоо дага. Өөрийгөө үнэмшүүлэх аргыг тогтмол хэрэглэх нь итгэлийг төрүүлнэ. Хангалттай ойр ойрхон давтсан бүхэн аяндаа далд ухамсрын тань хэсэг болно.

Арав дахь нууц: Буян үйлдэхийн хүч
Аливаа зүйлээр элбэг дэлбэг байдал бусдын тусламжгүйгээр, бусдад туслахгүйгэр олдох нь тун ховор. Бусдад тусалснаар та өөртөө тусална. Орлогынхоо аравны нэг хувийг тусламж хэрэгтэй байгаа хүмүүст зориулахыг хичээ. Өгсөн бүхэн тань өсч үржээд буцаж ирнэ. Бусдад тусалснаар та элбэг дэлбэгийн мэдрэхүйг ухамсартаа буй болгоно.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS