Powered by Blogger.
RSS
Container Icon

Макроэволюци, ангилал зүйн нэгжүүд

Макроэволюци, ангилал зүйн нэгжүүд

Зүйлээс дээш ангилал зүйн томоохон бүлгүүдийн хүрээнд явж буй түүхэн хувьсах хөгжлийг макроэволюци гэнэ. Макроэволюцийн үйл явц түүхэн урт хугацаанд, микроэволюци дээр түшиглэн явагдана. Дэлхий дээрх амьдралын түүхэн хувьсах хөгжилд микро ба макроэволюцийн үзэгдлүүд хамт, нэгдмэл байдлаар үйлчилдэг.
Амьдбиемахбод бол зөвхөн байгалийн бүтээгдэхүүн, түүний хөгжлийн үр дүн гэдгийг нотлох нь түүхэн хувьсах хөгжлийн баталгааны үндсэн зорилго юм. Эволюцийн баталгааг дараах байдлаар ангилдаг. Үүнд:
  • Жишил анатомийн баталгаа
Манай дэлхийн амьд биемахбод нэгдмэл үүсэлтэй бөгөөд тэд геологийн цаг хугацаанд түүхэн хувьсах хөгжлийн замаар хөгжсөнийг нотлох анатоми, морфологийн баталгааны цогц нийлэмжийг эволюцийн жишил анатомийн баталгаа гэнэ.
  • Палеонтлогийн баталгаа
Өнгөрсөн эрин галавын үед амьдарч байгаад сөнөсөн ургамал, амьтны үлдэгдлийг орчин үеийнхтэй харьцуулан судалж, тэдгээрийн гадаад бүтэц, хэлбэр төрхийг сэргээн, ангилал зүйн төлөв байдлыг тодорхойлдог байгалийн шинжлэлийн салбарыг палеонтлоги гэнэ.
  • Эмбриологийн баталгаа
Үр хөврөлийн төсөөт байдал, хөврөлийн хөгжлийн үед өвгийн шинжээ дахин давтах зэрэг нь түүхэн хувьсах хөгжлийн эмбриологийн баталгаа болно.
  • Ангилал зүйн баталгаа
Амьд биемахбодыг хүрээ, анги, баг, овог, төрөл, зүйл гэхчилэн ангилал зүйн нэгжүүдэд хуваарилан бүлэглэдэг. Ургамал, амьтны асар олон зүйл, бүлгийн хоорондох удам төрлийн холбоог бодитойгоор тусгахын тулд ангилал зүйн олон нэгж болгодог. Төрөл, түүнээс дээш ангилал зүйн нэгжүүд нь өөрөөсөө дооших нэг өвгөөс гаралтай бага нэгжүүдийг багтаана.
  • Биогеографийн баталгаа
Амьд бие махбод үүсэж хөгжсөн цагаасаа эхлэн манай дэлхийн тодорхой бүс нутагт тархан амьдарч иржээ. Тэрхүү тархалтын зүй тогтол, байршилтын онцлогийг физик газар зүй, цаг уурын нөхцөлтэй холбон судалдаг шинжлэх ухааны салбарыг биогеографи гэнэ.
Амьд биемахбодын янз бүрийн амьтдын эрхтэнг жишин харьцуулах нь эволюцийн найдвартай баталгаа болдог.
  • Гүйцэтгэх үүрэг өөр өөр боловч гарал үүсэл, бүтцийн хувьд ижил эрхтнийг гомологи эрхтэн гэнэ.
  • Нэг ижил үүрэг гүйцэтгэдэг, гадаад хэлбэрээр төстэй боловч бүтэц, үүсэл гарлын хувьд ялгаатай эрхтнийг аналоги эрхтэн гэнэ.
  • Тодорхой үйл ажиллагаа явуулах хэрэгцээ, шаардлагагүйн улмаас түүхэн хувьсах хөгжлийн явцад өөрийн анхны үүргийг алдан хөгжилгүй болсон эрхтнийг рудимент буюу үлдэгдэл эрхтэн гэнэ.
  • Олон үе удмын дараа өвгийн шинж тэмдэг зарим бодгаль биед буцаж илрэхийг атавизм буюу өвгийн шинжээ давтах үзэгдэл гэнэ.
  • Доод болон дээд зэргийн зохион байгуулалттай ангиудын шинж тэмдгийг өөрийн биеийн бүтцэд өнөөг хүртэл хадгалан амьдарч буй биесийг шилжилтийн амьд хэлбэр гэнэ.
Дүгнэлт

Ургамал амьтан, мөөг, нян зэрэг нь бүгд эсээс тогтоно. Тэдний эсүүд бүтэц, химийн найрлага, бүтээгдэхүүний хувьд адил төстэй байгаа нь амьд биемахбод үүсэл гарлын хувьд нэгдмэл болохын баталгаа мөн.
Ангилал зүйн хувьд нэгэн бүлэгт хамаарах организмуудын биеийн гадаад ба дотоод бүтэц адил төстэй байдаг нь тэд нийтлэг гарал үүсэлтэй, удам төрлийн хувьд ойр болохыг баталж байна.
Геологийн янз бүрийн үед хамаарах хурдас давхраанд хадгалагдан үлдсэн амьд биесийн чулуужсан үлдэгдэл, мөр, хэв дардас зэрэг палеонтологийн олдворууд нь органик ертөнцийн түүхэн хөгжил нэг эрин галаваас нөгөөд шилжих, нэг нь нөгөөгөө халах маягаар дэс дараалан явсныг батлах бодит баримт мөн.
Эх газруудад шилжилт, хөдөлгөөний үр дүнд газар зүйн тусгаарлалт үүссэн нь амьд биемахбодын тархалт, түүхэн хөгжил тив бүрээр ялгаварлан хөгжихийн үндэс болжээ. Энэ нь органик ертөнцийн түүхэн хөгжлийн биогеографийн баталгаа юм.

Түүхэн хувьсах хөгжлийн чиглэл

Амьд байгалийн түүхэн хувьсах хөгжил доод зэргээс дээдэд дэвших, энгийнээс нарийн төвөгтэй рүү шилжих маягаар дэвшлийн замаар явагдана. Түүхэн хувьсах хөгжлийн чиглэлийг биологийндэвшил ба бууралт гэж 2 ангилна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS