Powered by Blogger.
RSS
Container Icon

Макроэволюци, ангилал зүйн нэгжүүд

Макроэволюци, ангилал зүйн нэгжүүд

Зүйлээс дээш ангилал зүйн томоохон бүлгүүдийн хүрээнд явж буй түүхэн хувьсах хөгжлийг макроэволюци гэнэ. Макроэволюцийн үйл явц түүхэн урт хугацаанд, микроэволюци дээр түшиглэн явагдана. Дэлхий дээрх амьдралын түүхэн хувьсах хөгжилд микро ба макроэволюцийн үзэгдлүүд хамт, нэгдмэл байдлаар үйлчилдэг.
Амьдбиемахбод бол зөвхөн байгалийн бүтээгдэхүүн, түүний хөгжлийн үр дүн гэдгийг нотлох нь түүхэн хувьсах хөгжлийн баталгааны үндсэн зорилго юм. Эволюцийн баталгааг дараах байдлаар ангилдаг. Үүнд:
  • Жишил анатомийн баталгаа
Манай дэлхийн амьд биемахбод нэгдмэл үүсэлтэй бөгөөд тэд геологийн цаг хугацаанд түүхэн хувьсах хөгжлийн замаар хөгжсөнийг нотлох анатоми, морфологийн баталгааны цогц нийлэмжийг эволюцийн жишил анатомийн баталгаа гэнэ.
  • Палеонтлогийн баталгаа
Өнгөрсөн эрин галавын үед амьдарч байгаад сөнөсөн ургамал, амьтны үлдэгдлийг орчин үеийнхтэй харьцуулан судалж, тэдгээрийн гадаад бүтэц, хэлбэр төрхийг сэргээн, ангилал зүйн төлөв байдлыг тодорхойлдог байгалийн шинжлэлийн салбарыг палеонтлоги гэнэ.
  • Эмбриологийн баталгаа
Үр хөврөлийн төсөөт байдал, хөврөлийн хөгжлийн үед өвгийн шинжээ дахин давтах зэрэг нь түүхэн хувьсах хөгжлийн эмбриологийн баталгаа болно.
  • Ангилал зүйн баталгаа
Амьд биемахбодыг хүрээ, анги, баг, овог, төрөл, зүйл гэхчилэн ангилал зүйн нэгжүүдэд хуваарилан бүлэглэдэг. Ургамал, амьтны асар олон зүйл, бүлгийн хоорондох удам төрлийн холбоог бодитойгоор тусгахын тулд ангилал зүйн олон нэгж болгодог. Төрөл, түүнээс дээш ангилал зүйн нэгжүүд нь өөрөөсөө дооших нэг өвгөөс гаралтай бага нэгжүүдийг багтаана.
  • Биогеографийн баталгаа
Амьд бие махбод үүсэж хөгжсөн цагаасаа эхлэн манай дэлхийн тодорхой бүс нутагт тархан амьдарч иржээ. Тэрхүү тархалтын зүй тогтол, байршилтын онцлогийг физик газар зүй, цаг уурын нөхцөлтэй холбон судалдаг шинжлэх ухааны салбарыг биогеографи гэнэ.
Амьд биемахбодын янз бүрийн амьтдын эрхтэнг жишин харьцуулах нь эволюцийн найдвартай баталгаа болдог.
  • Гүйцэтгэх үүрэг өөр өөр боловч гарал үүсэл, бүтцийн хувьд ижил эрхтнийг гомологи эрхтэн гэнэ.
  • Нэг ижил үүрэг гүйцэтгэдэг, гадаад хэлбэрээр төстэй боловч бүтэц, үүсэл гарлын хувьд ялгаатай эрхтнийг аналоги эрхтэн гэнэ.
  • Тодорхой үйл ажиллагаа явуулах хэрэгцээ, шаардлагагүйн улмаас түүхэн хувьсах хөгжлийн явцад өөрийн анхны үүргийг алдан хөгжилгүй болсон эрхтнийг рудимент буюу үлдэгдэл эрхтэн гэнэ.
  • Олон үе удмын дараа өвгийн шинж тэмдэг зарим бодгаль биед буцаж илрэхийг атавизм буюу өвгийн шинжээ давтах үзэгдэл гэнэ.
  • Доод болон дээд зэргийн зохион байгуулалттай ангиудын шинж тэмдгийг өөрийн биеийн бүтцэд өнөөг хүртэл хадгалан амьдарч буй биесийг шилжилтийн амьд хэлбэр гэнэ.
Дүгнэлт

Ургамал амьтан, мөөг, нян зэрэг нь бүгд эсээс тогтоно. Тэдний эсүүд бүтэц, химийн найрлага, бүтээгдэхүүний хувьд адил төстэй байгаа нь амьд биемахбод үүсэл гарлын хувьд нэгдмэл болохын баталгаа мөн.
Ангилал зүйн хувьд нэгэн бүлэгт хамаарах организмуудын биеийн гадаад ба дотоод бүтэц адил төстэй байдаг нь тэд нийтлэг гарал үүсэлтэй, удам төрлийн хувьд ойр болохыг баталж байна.
Геологийн янз бүрийн үед хамаарах хурдас давхраанд хадгалагдан үлдсэн амьд биесийн чулуужсан үлдэгдэл, мөр, хэв дардас зэрэг палеонтологийн олдворууд нь органик ертөнцийн түүхэн хөгжил нэг эрин галаваас нөгөөд шилжих, нэг нь нөгөөгөө халах маягаар дэс дараалан явсныг батлах бодит баримт мөн.
Эх газруудад шилжилт, хөдөлгөөний үр дүнд газар зүйн тусгаарлалт үүссэн нь амьд биемахбодын тархалт, түүхэн хөгжил тив бүрээр ялгаварлан хөгжихийн үндэс болжээ. Энэ нь органик ертөнцийн түүхэн хөгжлийн биогеографийн баталгаа юм.

Түүхэн хувьсах хөгжлийн чиглэл

Амьд байгалийн түүхэн хувьсах хөгжил доод зэргээс дээдэд дэвших, энгийнээс нарийн төвөгтэй рүү шилжих маягаар дэвшлийн замаар явагдана. Түүхэн хувьсах хөгжлийн чиглэлийг биологийндэвшил ба бууралт гэж 2 ангилна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Зүйлийн шалгуур шинж

Зүйлийн шалгуур шинж

Зүйлийг хооронд нь ялган таних шинж тэмдгийг зүйлийн шалгуур шинж гэх бөгөөд хоорондын ялгааг илэрхийлдэг хэд хэдэн үндсэн шалгуур байдаг. Үүнд:
  1. Морфологийн шалгуур:
Нэг зүйлд хамаарах бодгалиудын гадаад хэлбэр, дотоод бүтцийн төсөөтэй байдал юм. Жишээ нь: алгана загас, модны мэлхий, хонин гүрвэл, тагтаа, тарвага зэрэг амьтад биеийн хэлбэр, бүтэц, өнгө зүс зэрэг гадаад шинжээрээ эрс ялгаатай.
  1. Физиологийн шалгуур шинж:
Амьдралын дотоод үйл ажиллагааны төсөө, ялангуяа үржлийн төсөөтэй шинж юм. Нэг зүйлд багтах бодгалиуд хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үр удам үлдээдэг.
  1. Генетикийн шалгуур шинж:
Зүйл тус бүр хромосомын хэлбэр, хэмжээ, тоо түүнд агуулагдах генийн өвөрмөц сантай байдаг. Тухайн зүйлийн түүхэн хувьсах хөгжлийн явцад бүрэлдэн тогтсон генетикийн бүх мэдээлэл буюу генийн хэлбэрийг генийн сан \ генофонд \ гэнэ. Энэ нь зүйлийн үндсэн шалгуур шинж болно.Янз бүрийн зүйлийн бодгалиуд хромосомын өөр өөр бүрдэлтэй учир хоорондоо эвцэлдэн үржихгүй, тусгаар байдаг. Ингэснээр тухайн зүйл байгаль дээр харьцангуй тогтвортой оршин амьдрах нөхцөл бүрдэнэ.
  1. Газар зүйн шалгуур шинж:
Байгаль дээр зүйл бүхэн амьдрах тодорхой тархац нутагтай байна. Тархац нутаг их, бага, нэлэнхий, тасархайтсан алаг цоог байж болно. Газар бүр тархсан, ялангуяа хүний үйл ажиллагаатай уялдан түгээмэл тархсан зүйлүүд ч байдаг.
  1. Биохимийн шалгуур шинж:
Зүйл тус бүр уурагт бодисынхоо химийн найрлага буюу уураг, нуклейн хүчлийн өвөрмөц бүтцээрээ ялгардаг.
  1. Экологийн шалгуур шинж:
Зүйлийн оршин амьдарч буй гадаад орчны олон хүчин зүйлийн нийлбэр цогц шинж юм. Энэ шинж бүрдсэнээр биологийн зүйл бүр экологийн хувьд тусгаар байх боломжтой болно. Жишээ нь: хахуун холтсон цэцэг нуга, тариан талбайд, мөлхөө холтсон цэцэг түүнээс илүү чийглэг газар, хорон холтсон цэцэг гол нуурын эрэг, намгархаг газар ургадаг.
Зүйлийн хамаарлыг тогтооход ямар нэгэн саланги шалгуур шинж хангалтгүй бөгөөд тэдгээрийг хамтад нь авч үзвэл зүйлийг үнэн зөв тодорхойлж болно.

Зүйлийн ерөнхий шинж

Амьдралын бүтэц зохион байгуулалтын дээд түвшний анхдагч нэгж, түүхэн хувьсах хөгжлийн тодорхой үе шат болохын хувьд зүйл нь дараах ерөнхий шинжийг илтгэнэ.
  1. Тусгаарлагдмал шинж
Зүйл нь орон зай, бүтэц зохион байгуулалт, үржлийн хувьд бусад зүйлээс харьцангуй тусгаарлагдмал оршдог.
  1. Нэгдмэл цогц шинж:
Зүйл нь бодгаль биесийн энгийн бөөгнөрөл бус өвөрмөц дотоод бүтэц бүхий зохион байгуулалттай тогтолцоо юм.
  1. Зүйлийн тогтвортой шинж:
Зүйлийг бүрдүүлэгч бодгалиудын амьдрах хугацаа хязгаартай ч зүйл бүхэлдээ удаан хугацаанд оршин тогтнох чадвартай.
  1. Түүхэн шинж
Зүйл урт удаан хугацаанд тогтвортой оршдог тул түүхэн хувьсах хөгжлийн үндсэн эх суурь болдог.
  1. Тоо толгойн төлөв байдал
Зүйл тодорхой тооны бодгаль биеэс бүрдэх ба тоо толгойн дундаж хэмжээ нь тухайн зүйлийн чанарыг тодорхойлох шинж болдог.

Микроэволюци

Түүхэн хувьсах хөгжлийн тухай Ч. Дарвины сургаалд үндэслэн зүйл гэж юу болох, хэрхэн үүсдэг зэрэг цогц асуудлыг хамарсан, зүйлийн үүслийн тухай орчин үеийн цогц онолыг “ Микроэволюци” гэнэ.
Популяци: Тодорхой газар нутгийг эзлэн оршдог ч зүйлийнхээ бодгалиудын бусад бүлгээс орон зай, цаг хугацааны хувьд харьцангуй тусгаарлагдсан, хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үрждэг, нэгэн зүйлд хамаарах бүлэг бодгалийг популяци гэнэ. Биологийн популяци бол орон зай, цаг хугацаанд оршин амьдрах нэг зүйлийн бодгаль биесийн нэгдэл, амьд биемахбодын бүтэц, зохион байгуулалтын дээд түвшний анхдагч нэгж юм. Зүйлийн тархац нутгийн хүрээнд бодгалиуд нь харилцан адилгүй жигд биш тархсан байдаг.Энэ нь тархац нутгийн янз бүрийн хэсэгт амьд биесийн амьдрах орчин буюу амьдралын нөхцөл ялгаатай байдагтай холбоотой. Зүйл доторх популяциуд хоорондоо холилдож эвцэлдэхийг саатуулдаг янз бүрийн тусгаарлалт байгальд бий. Уул нуруу, гол мөрөн, далай тэнгис, уур амьсгал, цаг уур, хөрс зэргийг газарзүйн тусгаарлалт гэнэ. Үржлийн эрхтний тогтолцооны онцлог, ороо хөөцөө, төллөх хугацааны зөрөө, үүр, байр, нүх засах байдал, хөөцөөний үеийн авир араншин зэрэг нь саланги бэлэгт амьтдын популяци дахь биологийн тусгаарлалт болно. Харин тоос ургах, үр жимс бүрэлдэн боловсрох хурд, хугацаа, тоос хүртээгч шавьжуудын ялгаа зэрэг нь солбицон тоос хүртээгч ургамлын популяци дахь биологийн тусгаарлалтын хэлбэрүүд юм.

Популяци доторхи шалгарал:

Тухайн зүйлийн байгалийн популяци нь удамшлын өөр өөр материал бүхий хэсэг бүлэг бодгалиудаас бүрдэнэ. Популяцийг бүрдүүлэгч бодгалиуд гадаад төрх, физиологийн шинж чанараараа ялгаатай байдаг. Популяци дотроос олон үр удам гаргадаг, нөхөн төлжилт сайтай бодгалийн удам илүү ялгаран шалгардаг. Харин тухайн орчин нөхцөлд тохирсон хэм хэмжээнээс гажсан шинж тэмдэгтэй бүх бодгаль амьдралын төлөө тэмцэл, байгалийн шалгаралд шүүгдэн устдаг. 1899 онд Англид болсон их шуурганы үеэр үхсэн бор шувуудыг шинжиж үзэхэд гол төлөв хэт урт эсвэл хэт богино далавчтай байсан байна. Дунд зэргийн далавчтай шувууд нь амьд үлджээ.
Популяци нь түүхэн урт удаан хугацаанд хувьсал өөрчлөлт явах бодгалиудын бие даасан тогтвортой бүлэг болдог учир түүхэн хувьсах хөгжлийн анхдагч нэгж мөн.Популяци доторх бодгаль хоорондын амьдралын төлөө тэмцэлд зохицол муу, сул дорой бодгалиуд шахагдан зайлж орчиндоо илүү зохицсон ашигтай хувьсал бүхий бодгаль мэнд үлдэж үр удмаа төрүүлнэ. Ингэж популяци дотор удамших хувьсал, байгалийн шалгарал хоёр зэрэгцэн явна.

Салбар зүйл:

Энэ нь зүйлийг бүрдүүлэгч популяциас илүү томоохон бүлэглэл бөгөөд байгаль дээр орших тархац нутгаараа юмуу экологийн онцлог байдлаар ойролцоо популяциудаас бүрдэнэ. Жишээ нь: Төв Азид өргөн тархсан могой гүрвэлийн 4 салбар зүйл бий. Эдгээр нь биеийн хэмжээ, өнгө зүс, амьдрах орчны хувьд тус тусын онцлогтой ч өөр хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үр удмаа үлдээх боломжтой. Салбар зүйл нь популяцийн нэгэн адил зүйлийн оршин тогтнох хэлбэр бөгөөд орчны тодорхой нөхцөлд зохилдох зохилдолгоог хангадаг. Жишээ нь: Манай орны өндөр уулсаар голдуу амьдардаг аргаль нь биеийн хэлбэр, хэмжээ, амьлрах орчны төлөв байдлаар хоорондоо ялгарах 2 салбар зүйлтэй бөгөөд нэг нь Алтайн өндөр ууланд, нөгөө нь говийн бэсрэг ууланд тус тус амьдардаг байна.

Мэдээлэл


Англид 19-р зууны эхний хагаст хусны эрвээхий хэмээх нэгэн зүйлийн ихэнх популяцид бараавтар толбо бүхий цагаан саарал өнгийн далавчтай бодгалиуд зонхилдог байв.Учир нь эрвээхийний энэ өнгө модны холтсыг бүрхсэн хагны тод цайвар өнгөтэй гойд ижилсэн зохицдог байжээ. 19-р зууны 2-р хагаст аж үйлдвэрийн бүс нутгийн агаар мандал бохирдсоноос моддын холтсыг бүрхэж байсан хаг бүрэн мөхөж холтос утаа тортогоор бохирдон бараантсан байна. Үүнтэй уялдан дээрх бүс нутагт бараан өнгийн далавчтай эрвээхийнүүдийг ивээх чиглэлээр шалгарал явагджээ. Ингэснээр 20-р зууны эхээр аж үйлдвэржсэн бүс нутгуудад бараан өнгийн эрвээхий давамгайлах болсон. Эрвээхийн өнгийн энэ шалгарлыг тэдгээр эрвээхийгээр хооллодог шувууд явуулсныг туршилтаар тогтоожээ. Шувууд хагаар бүрхэгдсэн модон дээр буй бараан өнгийн, эсвэл хаг нь үхсэн модон дээр буй цайвар өнгийн эрвээхийнүүдийг тун хялбархнаар түүн идэж байв.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Ажлын байрандаа хэвшүүлье

Ажлын байрандаа хэвшүүлье
  1. Ажлын байрны эмх цэгц
ажлын байран дээр буй хэрэгцээтэй, хэрэгцээгүй зүйлсийг ангилан ялгаж устгах
  1. Сайтар цэгцлэн зохион байгуулах
Хэрэгцээтэй зүйлсийг авч хэрэглэхэд хялбараар байрлуулах
  1. Сайхан цэвэрлэж цэмцийлгэх
Ажлын байранд ямар ч бохир зүйл байхгүйгээр бүрэн цэвэрлэж цэмцийлгэх
  1. Стандарчлан хэвшүүлэх
Өмнөх 3 алхамыг хэвшил болгох замаар тохилог бүтээмжтэй ажлын байрыг бий болгох
  1. Сахилга батыг төлөвшүүлэх

Ажлын зөв соёл, бүтээмжтэй ажиллах ухамсар төлөвшүүлэх

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Цаг ба зорилтын менежмент

Цаг ба зорилтын менежмент

Луужин бол зүг чигийг заадаг. Амьдралынхаа эрхэм зорилго, алсын хараа буюу зорилгыг таньж мэдсэн хүн луужинтай байна гэсэн үг. Луужинтай байснаар амьдралд тань ямар зүйл нь чухал, илүү утга учиртай гэдгийг тодорхойлж өгдөг учраас та төөрөхгүй бөгөөд хугацаа алдахгүй юм. Амжилтад хүрэхийн тулд луужингаа харан, цагийн баримжаатай байж, төлөвлөсөн хугацаанд зөв зорилгод хүрэх болно. Та нэг долоо хоногт хийсэн бүх ажлаа жагсаан бичнэ үү. Дараа нь Стивен Ковейн цаг ба зорилтын менежментийн загварыг ашиглан дүгнэлт хийгээрэй.


А” чухал бөгөөд яаралтай
/Цаг ба луужинд төвлөрнө /

Үүнд таны амьдралд маш чухал алсын хараа , зорилготой тань холбоотой ажил үйлс орно. Тэгсэн мөртөө яаралтай ажлууд байна. Жишээ нь хугацаанд нь хүлээлгэж өгөх төсөл, яаралтай шийдвэрлэх асуудал, гайхалтай боломж, хямралаас гарах үйл явдал гэх мэт ажилд цаг хугацаа зарцуулах шаардлагатай. Тэгэхгүй бол та олон зүйлийг алдах боломжтой. Хийхгүйгээр хойшлуулсаны үр уршгаар зарим нэгэн чухал зүйлийг сандарч мэгдэн яаралтай хийж гүйцэтгэх хэрэгтэй болдог. Мөн зарим нэг асуудал гэнэт чухал болон хувирч, түүнийг яаралтай шийдвэрлэх шаардлага гарна. Таны өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлууд энэ ангилалд багтахдаа яаралтай байсан учраас уу аль эсвэл чухал байсан учраас “ А” ангилалд орсон уу? гэсэн асуултыг тавих хэрэгтэй.


Б” чухал бөгөөд яаралтай бус
/ Луужинд төвлөрнө/

Үүнд цаг хугацааны дарамт байхгүй амьдралын гол, чухал зүйлс багтдаг. Жишээ нь: амьдралын утга учир, байнга суралцах, хөгжих, амрах, өөрийн байр суурь, ажил мэргэжлээ хөгжүүлэх хэрэгцээ, хадгаламж, санхүүгийн төлөвлөлт, татварын зохицуулалт ба зөвлөгөө, зорилгын төлөвлөлт, шинэ боломжуудыг танин мэдэх гэх мэт
Амьдралаа эмх цэгцтэй удирдах, төлөвлөх хүсэлтэй хүмүүс энэ ангилалд багтдаг. Хэрвээ цаг хугацааны зохицуулалтад “ Б” ангилал давамгайлж байвал “ А” нь аяндаа суларна. Яаралтай зүйл болж мэгдэн сандрахаас өмнө чухал ажлуудаа төлөвлөх ёстой юм. Амьдралынхаа үнэтэй цаг хугацааг бид “ В” буюу “ Г” –д өнгөрүүлдэг нь үнэхээрийн харамсалтай.


В” яаралтай бөгөөд чухал бус
/ Цаг хугацаанд төвлөрнө /

Энэ цагийн системийг гаднаас нь харахад “ А” мэт санагддаг. Яагаад гэвэл яаралтай зүйл ихэнхдээ бөөн шуугиан дэгдээж чухал мэт сэтгэгдэл төрүүлдэг. Жишээлбэл: зээл авах, хүн болгоноос мөнгө гуйх, гэнэтийн төлбөр, яаралтай худалдан авалт, гэнэтийн үйл ажиллагаа, нэхэмжлэл, сануулга г.м “ В” нь хүмүүсийг өвчин намдаах эмийн адил саатуулан чухал зүйлсээс нь холдуулдаг аюултай. Эдгээр нь биднийг чухал зүйлээс холдуулах ёсгүй бөгөөд харин урьдчилан төлөвлөж, бусдад шилжүүлэн даалгах боломжтой ажлууд байдаг юм.


Г” чухал бус бөгөөд яаралтай бус
/ Цагт ч луужинд ч хамаарахгүй/


Энэ ангиллын ажилд хүн цаг хугацаа болон хүч чадлаа үр ашиггүй, дэмий зарцуулдаг. Жишээлбэл: шаардлагагүй эд зүйл худалдан авах, ихэнх цагаа зурагтын өмнө өнгөрөөх, хэрэггүй сэтгүүл, үнэ цэнэгүй ном унших, олон цагаар интернетэд суух, утсаар дэмий ярих, тамхи татах, согтох, сөрөг нөлөө бүхий хүмүүстэй хамт цагийг өнгөрөөх г.м Эдгээр зүйлсийг хийснээрээ хайран цаг хугацааг бид зүгээр л алдаж амьдралаа үрж байна гэсэн үг юм.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

“ Цэнхэр алтны хэрэглээ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны удирдамж


Батлав: Сургалтын албаны менежер Г. Батболд

Цэнхэр алтны хэрэглээ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны удирдамж


Зорилго:
Сурагчдын усаа хайрлан хамгаалах тухай ойлголтыг нэмэгдүүлж амьдарч буй орчиндоо нөлөөлөх чадвар эзэмшүүлэх

Хамрах хүрээ:
Анхан шатны ангийн оюутнууд

Явагдах хугацаа:
2016. 03. 10 – 03. 21

Шалгаруулах журам:
Тэргүүн байр- 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Дэд байр – 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл


Мөнх ногоон төгөл” экоклуб
Багш Р. Оюунтунгалаг

2016.03.09

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

“ Ногоон дэлхийгээ хамгаалъя” гар зургийн уралдааны удирдамж


Батлав: Сургалтын албаны менежер Г. Батболд

Ногоон дэлхийгээ хамгаалъя” гар зургийн
уралдааны удирдамж


Зорилго:
Сурагчдын байгаль орчны тухай ойлголтыг нэмэгдүүлж, эх орноо хамгаалах сэтгэлгээг нь идэвхжүүлэх

Хамрах хүрээ:
Техникчийн боловсролын тэнхимийн оюутнууд

Явагдах хугацаа:
2016. 03.07 – 03.14

Шалгаруулах журам:
Тэргүүн байр – 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл
Дэд байр – 1 Өргөмжлөл, үнэ бүхий зүйл


Мөнх ногоон төгөл” экоклуб
Багш Р. Оюунтунгалаг


2016.03.07

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

"Эко клуб"-ын ажлуудаас


Нэг: 
Дархан – Өргөө сургуулийн оюутан, сурагчдын дунд үйл ажиллагаагаа 3 дахь жилдээ явуулж байгаа “ Экоклуб” нь сургуулийн эзэмшлийн талбайдаа голт борын төгөл, агчан ой, хайлаасан хашлага ургуулах зорилгоор голт бор – 250 ш, хайлаас – 200 ш, агч – 100 ш тарьж ургуулсан нь амьдралын хувь 80-аас дээш байна.Модны арчилгаа, усалгааг 7 хоногт 3 удаа хийж хэвшсэн.

Хоёр: 
Оюутан сурагчдын дунд “ Цэцэг тарьж сурцгаая”, “ Мод тарьж арчлах нь”, “ Ус- эрүүл мэнд” сургалтуудыг уламжлал болгон зохион явуулж ирлээ.

Гурав: 
Энх тайвны корпусаас зарласан “ Сургууль дээрх сайн дурын ажил” төслийн уралдаанд “Экотанхим” төслөөр оролцож 2-р байр эзэлсэн амжилт гаргаж төслийн ажилтнуудын хүсэлтээр баримтат кино зураг авалтанд  
“ Цэцэг тарьж арчлах нь ” сургалтаараа оролцлоо.

Дөрөв: 
Оюутан, сурагчдын дунд экологийн боловсрол олгох олгох төрөл бүрийн ажлуудыг явуулж ирсэн бөгөөд “ Дарханы ногоон хөгжилд оюутан миний хувь нэмэр “ илтгэлийн уралдаанд оюутан Б. Нарангэрэл оролцож 3-р байр эзэлсэн. Мөн сургууль дээрээ уламжлал болгон 3 дахь жилдээ
“ Экологийн тулгамдсан асуудлууд, түүнээс сэргийлэх арга замууд” илтгэлийн уралдаан, “ Экологи – орчин” АХА тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байна.

Тав: 
Оюутан, сурагчдын дунд “ Гялгар уутны хэрэглээг хязгаарлая”,
“ Хамгийн олон төрлийн тасалгааны цэцэгтэй “ анги шалгаруулах уралдаануудыг явуулж жил бүр аваргуудаа шалгаруулж байна.


Тайлан бичсэн багш Р. Оюунтунгалаг.

 Дархан- Өргөө сургуулийн алтан дүрэм “ боловсруулж багш, сурагчдад мөрдүүлэх ажлыг 3 дахь жилдээ хийж байна.















  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Амьд биеийн үржлийн хэлбэрүүд

Бэлгийн бус үржил

Энэ үржлийн үед шинэ бие махбод биеийн эсээс үүсч хөгждөгөөрөө бусад үржлээс ялгаатай.
Бэлгийн бус үржил нь олон янзын хэлбэртэй байдаг. Амёб, эвглен зэрэг эгэл биетнүүд, хламидомонад зэрэг нэг эст замгууд хуваагдлын замаар үржинэ.
Доод мөөг, хлорелла зэрэг нэг эстнүүд спороор үржинэ. Спор гэдэг нь гадуураа хамгаалах бүрхүүлээр хучигдсан өвөрмөц эс юм. Энэ эс гадаад орчны халуун, хүйтэн, чийгийн дутагдал зэргийг давах чадвартай бөгөөд тохиромжтой нөхцөл бүрдэхэд маш хурдан үржинэ. Хөнгөн учраас салхи, шавжаар амархан тархдаг.
Бэлгийн бус үржлийн өөр нэг хэлбэр нь нахиалах үржил юм. Хөрөнгөнцөрийн мөөг, гидра, шүр болон зарим төрлийн шаахайн бие дээр нахиа хэлбэрийн булцуу гарч томрон эх бодгальтайгаа ижил бүтэц, байгууламжтай болсны дараа эхээсээ салж бие даан амьдарна.Ийм маягаар шүхэртэн, цагираг болон дугираг хорхойн бэлгийн бус үржил явагдана.
Ургал эрхтнээр үржих бэлгийн бус үржлийн хэлбэр ургамалд өргөн тархсан байдаг.Энэ үед биеийн эсүүд болох үндэслэг иш, булцуу, сахал зэрэг ургал эрхтнүүд бие даасан төл ургамлыг төрүүлнэ. Жишээ нь: төмсийг дүрс хувирсан иш болох булцуугаар үржүүлдэг бол үхрийн нүд, усан үзмийг мөчрөөр үржүүлнэ.Харин гүзээлзгэнэ урт мөлхөө ишнээсээ ургана.
Бэлгийн бус үржил нь бэлгийн үржлээс өмнө үүссэн, түүхэн хувьсах хөгжлийн чухал ач холбогдолтой үйл явц бөгөөд тохиромжтой нөхцөлд энэ үржлийн ачаар зүйлийн тоо түргэн өсөх боломжтой.

Бэлгийн үржил

Бэлгийн булчирхай дотор үүсч бүрэлдсэн тусгай эсүүдээс бодгаль бие хөгжин үе солигдохыг бэлгийн үржил гэнэ. Энэ үед эцэг, эхийн бэлгийн эсүүд хоорондоо нийлж шинэ бие махбодыг үүсгэнэ. Зарим сээргүйтэн амьтанд эр болон эм бэлгийн эсүүд нэгэн бие дээр бий болох нь ховор биш үзэгдэл юм.Ийм биеийг гермафродит гэж нэрлэдэг.Зарим зүйлийн амьтан, ургамалд үр тогтоогүй өндгөн эсээс бүтэн бодгаль бие хөгжих тохиолдол байдаг. Ийм үржлийг партеногенез буюу охин үржил гэнэ.Энэ үржлийн ач холбогдол нь удамшлын өөр өөр төрлийн мэдээлэл үр удам дээр ирж нэгддэгт оршино.Эр бэлгийн эс буюу сперматозоид нь үрэвчинд, эм бэлгийн өндгөн эсүүд эм бэлгийн булчирхай буюу өндгөвчинд тус тус боловсорно.Бэлгийн эсүүд үүсч боловсрох үйл явцыг – сперматогенез, өндгөн эс боловсрохыг гаметогенез гэнэ. Бэлгийн эсүүд үүсч боловсрох үйл явцыг ерөнхийд нь гаметогенез гэнэ. Эр бэлгийн эс боловсрох үйл явцыг- сперматогенез, өндгөн эс боловсрохыг- оогенез гэнэ.  

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сайн сонсогч байх нь амжилтын үндэс


Бид яагаад сайн сонсогч байж чаддаггүй вэ?

  • Нөгөө хүнээ ярьж байхад нь зэрэгцэн ярих үедээ
  • Нөгөө хүнээ ярьж байхад өөрийн хэлэх үгээ бодож байх үедээ
  • Нөгөө хүндээ буулт хийхгүй гэсэн хатуу байр суурьтай үедээ
  • Нөгөө хүнээ өөрөөсөө дорд үзэх үедээ
  • Бусдаас суралцахаа мартах үедээ
  • Ямар нэг юмыг яарч шийдэх гэж хичээх үедээ

Бид яагаад бусдыг сонсох хэрэгтэй вэ?

  • Өөрийг нь анхааран сонсдог хүнд хүмүүс дуртай байдаг
  • Бусдыг өөртөө татах хамгийн шилдэг арга бол сайн сонсогч байх
  • Их сонсож бага ярь гэж хоёр чих, нэг ам заяасан учир сонсохдоо түргэн, ярихдаа удаан байх. Ярих нь мөнгө, чимээгүй байх нь алт
  • Бусдад ухаалаг хэмээн үнэлэгдэх шилдэг арга бол хүлээцтэй сонсох юм.
  • Сонссоноор бид суралцаж байдаг
  • Сонссоноор мэргэн шийдвэрт хүрэх боломжтой

Хэрхэн сайн сонсогч байх вэ?


  • Бусдыг сонсоход цаг гарга. Энэ нь та өөртөө болон хайртай дотны хүмүүсийнхээ төлөө хийж буй чухал хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй.
  • Сэтгэл зүрх, оюун бодлоо тухайн хүндээ бүрэн төвлөрүүл. Сонсож байхдаа өөр юм бодох, цагаа байн байн харах, утсаар ярих, нүүр царайндаа тоомжиргүй байдлыг харуулах, хааш яйш үл хүндэтгэсэн байдалтай суух зэргээс зайлсхий.
  • Сэтгэл зүрхээрээ сонсож байгаа гэдгээ мэдрүүл. Нүд рүү нь харах / гэхдээ тас ширтэхээс болгоомжил /, толгой дохих, ойлгож байгаагаа илэрхийлэх, товч үг хэлэх, хүндэтгэлтэй зөв суух
  • Ярьж буй зүйлийг нь тодруулах үүднээс товчхон асуулт асуух. Энэ нь тухайн хүнд цэгцтэй ярихад нь тус болдог
  • Сонсож байхдаа яарч бүү дүгнэлт хий. Бас дүгнэлтээ шууд бүү хэл
  • Ярьж буй хүнийхээ сэтгэл хөдлөлд, юу хэлэх гээд байгааг нь мэдэрч бай
  • Ярьж буй зүйлд нь аль болох эерэг өнцгөөс нь хандаж, урам өгөх нь чухал.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Уур бухимдлаа эерэгээр тайлах нь


Хүмүүс уур бухимдлаа нэг дор эсвэл аажмаар гаргацгаадаг. Уур уцаар бол сэтгэл хөдлөлийн үнэнч хэлбэр юм. Хэрэв түүнийг гадагш илэрхийлж гаргахгүй бол дотогш буглаж бугшсаар биеийн хаа нэгтээ хуримтлагдаж ямар нэг өвчин эмгэг болж хувирна. Шүүмжлэлийн адил бид нэг зүйл дахин дахин давтагдахад үргэлж уурладаг. Тэгээд түүнийгээ илэрхийлж гаргах эрхгүй мэт санаж, нэг гараа нөгөөгөөрөө барьж, цааш залгиж орхидог. Энэ нь яваандаа гомдол, дургүйцэл, тунирхал,бухимдал, шаналал, дарамт болж хувирдаг. Ийм болтол хүндрүүлэхгүйн тулд уурласан даруйдаа учрыг нь олж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргах нь чухал.
Уур бухимдлын учрыг олох олон эерэг арга зам бий. Эдгээрийн нэг нь уур хүргэсэн хүнтэйгээ нээлттэй, илэн далангүй ярилцаж, хоригдмол, баригдмал сэтгэл хөдлөлөө илэрхийлэх явдал. Уураа гаргах аргууд:
  • Чамд уур хүрч байна .Яагаад гэвэл...” гэж хэлж болно.
  • Толинд харж байгаад нөгөө уурыг чинь хүргэсэн нөхөртэйгээ ярьж байгаа мэт ярих. Толинд нүдээ сайн харж яриарай. Хэрэв ингэж чадахгүй бол хамар эсвэл ам руугаа харахыг хичээгээрэй. Тэгээд өөрийгөө нөгөө уурыг чинь хүргэж, ямар нэг буруу зүйл хийсэн этгээд гэж төсөөлөөрэй. Яг тэр уур хүргэсэн агшинг эргэн санаж, уурыг дахин танд мэдрэгдэхийг зөвшөөр. Тэгээд тэр хүнд яг юунаас болж уурласанаа хэл. Өөрт төрсөн бүх бухимдлаа гадагш гаргаж үзүүл. “ Би чамд маш их уурлаж байна. Яагаад гэвэл чи... тэгсэн учраас. Би маш их айж байна. Яагаад гэвэл чи... ингэсэн учраас” гэж хэл. Бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийл. Хэрэв биеэрээ ямар нэг зүйл хиймээр санагдвал дэрээ цохь. Цаанаасаа гарч буй уур, мэдрэмжийг иймэрхүү байдлаар илэрхийлэхээс бүү ай. Та өмнө нь хангалттай удаан хугацаанд уур бухимдлаа тэвчин барьж, дарсаар ирсэн шүү дээ. Айж ичээд, гэмшиж шаналаад байх хэрэггүй. Мэдрэмж гэдэг үйлдэлд хэлбэржсэн бодлууд шүү дээ. Тэд ямар нэг зорилгод чиглэгддэг ч мэдрэмжийг оюун тархи болоод биенээсээ чөлөөлж гаргах үед, оюун санаанд тань илүү өгөөжтэй, эерэг зүйл бий болох сул орон зай үүснэ.
Уур бухимдал – элгэнд муу
Уйтгар гуниг – уушгинд хортой
Санаа зовинох – ходоодонд хөнөөлтэй
Стресс – тархи болон зүрхийг гэмтээх аюултай
Айдас- бөөрөнд муугаар нөлөөлдөг.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Стресс тайлах жор


Стресс хэдий чинээ удаан үргэлжилнэ төдий чинээ биемахбодод муу нөлөөлдөг. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хямарч, хоолны шингэц муудах, хоолонд дургүй болох, дотор муухайрах, цусны эргэлт муудах, толгой өвдөх, биеийн дархлаа сулрах зэргээр хамрын ханиаднаас эхлээд элдвийн өвчинд баригдаж эхэлнэ. Өвчнөө өчнөөн эм тариагаар бөмбөгдөөд эмчлээд байвч өвчтэй хэвээрээ л байна. Хэрэг дээрээ өвчнийхөө дөнгөж илэрсэн шинж тэмдэг, зовиуртай нь тэмцээд байгаагаас, үндсэн шалтгааныг нь олж, үүр уурхайг нь устгахгүй байна гэсэн үг. Стресс үүсэх, түүнд орох шалтгаан, үргэлжлэх явц зэрэг нь хүн бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд стрессийг эмчлэх нийтлэг, ганц, төгс арга хараахан бий болоогүй байна. Гэхдээ стрессээс дараах аргуудын аль тохирохыг нь хэрэглээд үзээрэй.

Шалтгааныг нь устга
Та ажлаасаа болж стресст ордог бол:
  • Өрөөнийхөө хамгийн дуу чимээ багатай, зайдуу буланд ширээгээ тавьчих.
  • Өөрийн хүч, толгой хүрэхгүй ажлаас татгалзаж, үгүй гэж хэлж сур.
  • Онцын хэрэггүй бол телевизээр гарч байгаа бүхнийг үзэх гэж өөрийгөө бүү албад.
  • Үнэхээр ажил чинь таалагддаггүй бол ажлаасаа гар.
  • Бусдын өмнөөс хариуцлага бүү хүлээ.
  • Хийж амжаагүй, чадаагүй зүйлийнхээ төлөө өөрийгөө бүү шийтгэ. Амжина.
Хамгийн гол нь та эрүүл, сэтгэл санаа өөдрөг байх ёстой. Тэгсэн цагт бусад нь аяндаа бүтнэ.

Сайн хоолло
Биемахбодод хэрэгцээтэй эрдэс бодис, амин дэмээр баялаг янз бүрийн чанартай, илчлэгтэй, хоол унд хэрэглэ. Өлсөх, их идэхийг цээрлэ. Жимс ногоо, шоколад, мөхөөлдөс зэрэг нь таны туйлдаж ядарсан мэдрэлийг сэргээх болно.

Амарч цэнгэхээс бүү татгалз
Караоке орох, хотоос гадагш салхинд гарах, бааранд суух зэрэг найз нөхдийнхөө урилганд та “ явах уу?, байх уу? “ хэмээн эргэлзэж байгаа бол заавал яв. Та үнэхээр хүсээгүй бол эргэлзэхгүй байсан шүү дээ. Тэнд арай л өөр байх болно.

Амарсан шиг амарч сур
Та үнэхээр амарсан шиг амрахыг хүсч байвал гар утсаа салгаад, бүхнээс дайжиж, ажил төрөл, ар гэртэй холбоотой бүхий л асуудлуудыг бүрмөсөн авч хая. Удахгүй эргээд тэдэн дээр очно шүү дээ.
  • Спорт танхимд хөлсөө гартал штанг, гантиль өргө. Баг бүрдүүлээд сагс, волейбол, биллъяард гээд өөрийнхөө чаддаг төрлөөр тогло.
  • Үхтэлээ дурла.
  • Сэтгэл хөдөлгөм мелодрам, кино үзэх гэхчилэн өөрийнхөө чадах, дуртай бүхнээ улайран хий.
  • Өөрийгөө арчил. Гадаад төрхөө өөрчлөх нь хүнд урам зориг хайрлаж дахин төрсөн мэт сэтгэгдэл төрүүлдэг.
  • Үснийхээ засалтыг өөрчил.
  • Шинэ хувцас худалдаж ав.
  • Өрөөнийхөө тавилгуудын байрыг өөрчил.
  • Бүх биедээ массаж хийлгэ.
  • Үнэртэй усаа соль.
Гол нь амьдралд хайртай байж, амьдралд хайртай байж, амьдралын сайн сайхныг мэдэрч, баярлаж хөөрч чаддаг бай.
  • Өөрийгөө хайрла. Шинэ өглөө бүрийг өөрийгөө магтахаас эхэл.
Таныг гайхалтай үйл явдлаар дүүрэн, гэрэл гэгээтэй, сайхан амьдрал хүлээж байна.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Сайн эр нөхрийн 9 шинж


Нар дэлхий ертөнцийг бүхэлд нь илч гэрлээрээ гийгүүлж байдаг бол эр хүний сайн шинж чанар нь хүмүүний сэтгэлийг бүхэлд нь гийгүүлж байдаг билээ.

1.Өөртөө итгэлтэй байдал
Эр хүн өөртөө итгэлтэй байснаараа гутрах, өөрийгөө голох, хулчгар дорой байдлаас татгалзах чадвартай байдаг.
2. Өөрийгөө хянах чадвар
Эр хүн аливаа зүйлд сэтгэл зүйн бэлтгэлтэй, өөрийгөө удирдах, хянах чадвар сайтай байснаараа өөрийгөө дөвийлгөх зэрэг гэнэтийн зүйлтэй хутгалддаггүй.Согтууруулах ундаа, тамхи гэх зэрэг зүйлсийн донтолтоос өөрийгөө хамгаалж чаддаг ажээ.
3. Гэр бүлийнхээ хэрэгцээг хангадаг
Эр хүн гэр бүлийнхээ хэрэгцээг ямар нэг байдлаар хангаж, түүндээ бахархалтай байж чаддаг. Түүнд хүсэл эрмэлзэл, тодорхой түвшний хүсэл зорилго байх бөгөөд гэр бүлээ хэрхэн авч явах талаар өөрийн гэсэн бодолтой байдаг.
4. Итгэлтэй
Бүсгүйчүүдийн хувьд итгэлийг нь бүрэн олоогүй залуустай гэрлэнэ гэдэг элсэн дээр байшин барихтай ижил юм. Итгэж, итгэл даана гэдэг нь хайр сэтгэлдээ үнэнч байж, түүнийгээ хайрлан хамгаалж, тордох, өгсөн амлалтандаа хүрнэ гэдгийг хэн хэн нь мэдэж байна гэсэн үг юм.
5.Хардалтаас болгоомжилдог
Сайн эр нөхөр үргэлж эхнэрээ хардаад байдаггүй. Өөрт болон хайртдаа итгэдэг төдийгүй гэр бүлдээ хүсэл тэмүүллийг бий болгох эерэг арга замуудыг нээдэг. Хардалтаас үүдэлтэй сөрөг байдлууд аяндаа бий болдог учраас түүний аюул заналыг мэддэг.
6.Уучилж чаддаг
Бусдыг уучилж чаддаг байх нь эр хүний эрхэм чанаруудын нэг билээ. Энэ чанар нь тухайн хүнээс энэрэнгүй агаад уужим сэтгэлийг шаарддаг. Уурласан болон гомдсон байдлаас түргэн салж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд уужуу сэтгэл гарган уучилж чаддаг байх хэрэгтэй.
7.Гэр бүлийг чухалчилдаг
Эрчүүд ихэнхдээ хайраар дүүрэн халуун дулаан гэр бүлийг цогцлоон бий болгох туйлын хүсэлтэй байдаг.
8.Алсын хараа, зорилготой
Айл гэрийн эр нөхөр тулга тойрсон өнөө маргаашийн зүйлд анхаарах бус алс хэтээ зөв төлөвлөж аливаа зүйлсийн холыг харж, зорилгоо зөв тодорхойлох хараатай, ирээдүйдээ итгэлтэй байдаг.
9.Ханьтайгаа зөв харьцдаг
Ханиа хайрлаж, хүндэлж, тусалж гэр бүлийн ачааг хамтдаа үүрэлцдэг.Хайртыгаа сонсож сайхан байлгахыг хичээдэг, хэрэгтэй үед нь түүнийгээ хамгаалж, түшиг тулгуур хэрэгтэй болсон үед хайр халамжаа мэдрүүлж, амар тайван, сэтгэл түвшин байлгадаг. 

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бусдыг уучилж сурах


Уучлал нь хорсол, бардамнал, өс хонзон, уур хилэн, үзэн ядалтын даланг сэтэлдэг юм.Бусдыг уучлахын тулд зүрхэндээ буй бардамналаа орхих хэрэгтэй. Уучламтгай болсноор та гар бүл болон ажил дээрх уур амьсгалыг эерэг болгож чадна. Уучлал бол хайраас ч илүү харилцааны зэвсэг юм. Таныг зовоож, гуниглуулж, хохироосон хүнийг уучилж хүлээн авах нь тийм амар хэрэг биш харин хайр байсан цагт л ингэж чадна. Тиймээс уучлал нь хайрын хамгийн өндөр үнэ цэнэ гэж хэлж болно.
Дунд сургуулийн багш сурагчдаа нэгэн туршилтанд оролцохыг хүсчээ. Энэ туршлага нь “амьдралын” гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрчээ. Тэгтэл багш нь дараагийн өдөр хүүхэд тус бүрийг 5 кг төмс, гялгар уутан тор авчрах даалгавар өгөхөд хүүхдүүд багшийгаа огт ойлгоогүй ч маргааш нь хүүхэд бүрийн ширээн дээр төмс болон гялгар уут бэлэн болсон байв.Багш анги руугаа ороод өөр рүү нь харах сурагчиддаа “ За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж байсан юм уу дургүй хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор луугаа хий” гэжээ. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Бүх хүүхэд торондоо төмсөө хийж дууссаны дараа багш нь “ Одоо та нар тортой төмсөө хаа явсан газраа авч явна шүү, унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа ч, дэлгүүр явахдаа ч, тэр ч байтугай хичээлдээ ирэхдээ хүртэл авчраарай” гэж хэлэв.Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв.7 хоног өнгөрч тогтсон хугацаа болж багшийг ангид оров уу? үгүй юу “ Багшаа ийм хүнд ачааг үргэлж тээж явах хэцүү байна. Төмс ялзарч эхэлсэн. Би залхаж байна” хэмээн гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж “ Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус ингэж өөрийгөө шийтгэж байдаг юм” гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээр бид өөртөө л хүнд ачаа үүрүүлдэг.” Эцэст нь хэлэхэд бусдыг уучилна гэдэг бол чиний өөртөө хийж байгаа хамгийн сайхан зүйл юм шүү” гэж хэллээ. Өгөөмөр сэтгэл энэ дэлхийн хамгийн том баялаг байдаг бол уучлал нь энэ ертөнцийн хамгийн том ялалт ажээ.

Хамгийн аюултай гэм бол Айдас
Хамгийн сайхан өдөр бол Өнөөдөр
Хамгийн аймаар луйварчин бол Өөрийгөө хуурдаг хүн
Хамгийн том алдаа бол Ухарч няцах
Хамгийн хүнд завхрал бол Бусдыг үзэн ядах
Хамгийн муу сэтгэл бол Хардалт
Хамгийн сайхан бэлэг бол Уучлал

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Өөрийгөө хөгжүүлэх 24 арга


1.Өдөр бүр ном унш.
Ном бол хүний тархийг задалж , амьдралыг дүгнэх, анализ хийх чадварыг өгдөг агуу шидтэн билээ. Ном унших тусам тархины мэдлэг тэлэхээс гадна олсон бүх мэдлэг тань системчлэгдэнэ. Өөрөөр хэлбэл мэдээлэл цогц бүрэлдэж түүнийгээ ашиглах чадвар өснө.
2. Гадаад хэл сур.
Шинэ хэл сурна гэдэг шинэ соёл, шинэ харилцаа,шинэ амжилтыг бий болгодог.
3. Шинэ хоббитой бол.
Нэг хэвийн дадал болсон зүйлсээсээ гадна шинэ зүйлийг сонирхож эхэл. Спортын төрөл, хөгжим дуу юу ч байж болно. Шинэ зүйл сурах,шинэ ур чадвар эзэмших нь биемахбод болон оюун ухаан, сэтгэлийг өөрөөр дадлагажихыг шаарддаг.
4. Шинэ курст бүртгүүл.
Танд хамрагдахыг хүсдэг курс,дамжаа бий юу? Энэ бол цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх боломж юм. Таны хамрагдах курс, дугуйлан заавал урт хугацаатай байх албагүй.Хамгийн гол нь танд гоё дурсамж, шинэ туршлагыг үлдээх ёстой юм.
5.Айдсаа ялан дийл.
Хүн бүрт айдас бий. Тодорхой бус байдлаас үүссэн айдас, олны өмнө үг хэлэхээс айх айдас, эрсдэл хийхээс айх айдас гээд олон төрлийн айдас биднийг өсөж дэвжихэд саад болдог. Тиймээс айдсыг даван дийлж сурах нь чухал.
6.У чадвараа дүгнэ.
Хүн бүр аливаа зүйлийг өөр өөр ур чадвараар хийдэг. Харин бүх талбар дахь ур чадвараа дээшлүүлэх нь таны ажил, амжилтын хил хязгаарыг тэлж өгдөг байна.
7.Эрт бос.
Эрт босож сур. Бүтээлч хүн хэзээ ч үд болтол унтдаггүй. Эртэч шаазгай буга барина гэсэн үг бий шүү дээ.
8.Тогтмол дасгал хий.
Идэвхтэй амьдрал биднээс зөвхөн хичээл, ажлыг бус идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байхыг шаарддаг. Тиймээс долоо хоногт нэгээс хоёр удаа спортоор хичээллэх эсвэл ямар нэг хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийж хэвших хэрэгтэй.
9.Ирээдүйн амьдралаа төлөвлөн бич.
Ирээдүйд хэн болохыг хүсэж байгаа, таван жилийн дараа хаана хүрэх, хэдэн төгрөгний орлоготой болохыг хүсч байгаагаа бүгдийг бичиж төлөвлөх хэрэгтэй. Түүнийгээ байнга харж, түүндээ хэрхэн хүрэх талаар тунгаан бодож алхам бүртээ төлөвлөж байх хэрэгтэй.
10.Дасал болсон газраасаа холд.
Жинхэнэ амжилт нь ажил хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Амар тайван газар хүн хөгжиж дэвших нь ховор. Хийж үзээгүй зүйлээ хийх, очиж үзээгүй газраа очиж үзэх хэрэгтэй. Аюулгүйн тойргоосоо гар.
11. Өөрийгөө сорь.
Өрсөлдөөн, аливаа сорилт нь хүнийг хатуужуулдаг. Хэл сурч байгаа бол сард хэдэн шинэ үг сурч чадахаа хар. Хэрвээ турах гэж байгаа бол сард хэр их жин хасаж чадахаа үз.
12. Бусдын бодлыг сонс.
Хүн өөрийн дутагдлаа харж чаддаггүй. Харин бидний дутагдлыг хөндлөнгийн хүн хамгийн сайн олж хардаг билээ. Тиймээс үе үе өөрийнхөө талаарх бусдын бодлыг сонсож бай. Танд тустай.
13. Ажлын төлөвлөгөө гаргаж сур.
Төлөвлөгөөгүйгээр ажиллах нь хүнийг бүтээл муутай амьдрахад хүргэдэг. Өдөр бүр орой унтахаасаа өмнө эсвэл ажил тарахын өмнөхөн маргааш хийж амжуулах ажлын төлөвлөгөөгөө гаргаж занш. Харин тэрхүү төлөвлөгөөгөө аль болох шахуу, үр бүтээлтэй байхаар төлөвлө. Хамгийн гол нь төлөвлөгөөний дагуу ажиллах нь чухал гэдгийг санаарай.
14. Өөрийн сул талаа зас.
Хүн бүрт сул тал гэж байдаг. Өөрийн сул талуудаа жагсааж бичээд эхнээс нь өөрчлөхийн тулд ажиллаж эхэл. Ямар сул талаа хэрхэн засах талаар төлөвлөгөө гарга. Хэсэг хугацааны дараа та цоо шинэ хүн болсон байх болно.
15. Таныг гайхашруулдаг хүмүүсээс суралц.
Хэн таныг гайхашруулдаг вэ? Тэдэнд таны өөртөө эзэмшихийг хүсч байгаа ур чадварууд байгаа. Тэгвэл яг ямар зан чанар нь таныг гайхашруулаад байна вэ? Та хэрхэн тэрхүү чадварыг эзэмших вэ? гэдгийг бодож үзээрзй.
16. Муу зуршлаасаа сал.
Бидний муу зуршлууд амжилтаас маань хойш татан чангааж байдаг. Тиймээс муу зуршлуудаасаа хурдан салахын тулд танаас маш их зүтгэл шаардагдах болно.
17. Шинэ зуршилтай бол.
Эрт босох, ном унших, өдөр бүр шинэ үг цээжлэх, дасгал хөдөлгөөн хийх гээд өөрт хэрэгтэй шинэ зуршлыг өөртөө хэвшүүл. Зөв хэвшил нь хүний амжилтанд ихээхэн нөлөө үзүүлдэг.
18.Сөрөг хүмүүсээс хол бай.
Хаа ч очсон сөрөг энергитэй хүмүүс олон байдаг. Аль болох тэдний хажууд байхаас татгалз.
19.Хэцүү хүмүүстэй харьцаж сур.
Хэдий харьцахад хэцүү ч салж болдоггүй хүмүүс гэж байдаг. Хэдийгээр таныг цухалдуулж байсан ч аргыг нь олж харьцаж сурах нь нэн чухал. Тэдэнтэй харьцаж сурснаар та ирээдүйд ямар ч хүмүүстэй харьцаж чадна гэсэн үг.
20.Тэмдэглэл хөтөл.
Тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө хянах сайн арга. Өөрт тохиолдсон явдал, уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн, гаргасан шийдвэр нь ямар үр дүн дагуулсан болон энэ асуудлын талаар хөндлөнгийн хүн ямар үзэл бодолтой байсан гээд өөрийн мэдэж авсан туршлага, сурсан зүйлээ бичиж тэмдэглэх нь таны оюун бодол, сэтгэл санааг тэнцвэртэй байхад тусалдаг.
21. Шатар тоглож сур.
Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглож сурах нь амьдралд хэрэгтэй олон стратегийг олж авахад нэмэртэй.
22. Нэг сарыг зорилтын сар болго.
Сарын дотор хэрэгжүүлэх ямар нэг зорилт тавь.Тодорхой хэмжээнд жин хасах, боть ном уншиж дуусгах зэргээр.
23. Өнгөрснөөсөө чөлөөлөгд.
Өнгөрсөн амьдралын таагүй дурсамжууд сэтгэл гонсойлгодог нь мэдээж. Өнгөрсөн амьдралынхаа алдаа дутагдлын төлөө өөрийгөө уучилж, таагүй дурсамжуудаасаа салах хэрэгтэй. Эс тэгвээс тэдгээр нь таныг хойш чангааж, урагшлах замд тань саад хийсээр байх болно. Өнгөрснийг мартаад, өнөөдөртөө төвлөрөн маргаашийн төлөө амьдар.
24. Өдөрт заавал нэг удаа өөрийгөө хөгжүүлэх нийтлэл, зөвлөгөө уншиж бай.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS

Бухимдлаа тайлах аргууд


Стресс буюу бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Стрессээ зөв тайлж сурсанаар түүний сөрөг нөлөөг бууруулах, урьдчилан сэргийлэх улмаар эрүүл мэндийн байдал болон амьдралдаа сэтгэл хангалуун байх боломжийг нэмэгдүүлнэ.

1. Бишрэн шүт
Та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бишрэн шүтэхдээ бурхан, шашин, байгаль эх дэлхий , эцэг эх,ах дүү, хань нөхөр, үр хүүхдээ юм уу аль л өөрт сэтгэлийн таашаал өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана.

2. Өөрийгөө тань.
Та өөрөөсөө аль нэг сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцсаа өмс,өөрийнхөө сайн сайхан явсныг сана. Өөрийгөө ямагт сайхнаар бод.

3. Ажлаа хуваарил, төлөвлө
Та их ядарсан, ажил чинь бүтэл муутай эсвэл яарч сандрах үедээ хийж буй ажлаа эргээд нэг төлөвлө. Одоо онц чухал биш ажлаа түр хойш тавь. Үнэт цагийг үр ашигтай өнгөрөөхийг хичээ.

4. Зөв амар
Та их ачаалалтай байсан ч завсарлага амралтаа эдлэхийг хичээ. Үдийн хоол ундаа тавтай идэж уусны дараа хоромхон зуур ч гэсэн унтаж байх хэрэгтэй.

5.Дасгал хөдөлгөөн хий
Хэт ачаалал, ажил хөдөлмөр, аливаа зүйлтэй холбоотой сэтгэл бухимдлын үед биеийн чөлөөт хөдөлгөөн хий. Цэвэр агаарт 3- 8 км орчим зайд түргэн алхаагаар зугаалж явахад тархи хүчилтөрөгчөөр ханатлаа амьсгалж ухаан улам саруул болж аяндаа сэтгэл баясч бухимдал тайлагдана.

6.Хамт олонтойгоо бай.
Сэтгэл тааламжгүй үедээ та дуулах, бүжиглэх, шүлэг унших, уран зохиол ярилцаж өөрийнхөө болоод бусдын сэтгэлийг өөд нь тат.

7.Инээмсэглэж яв.
Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж та өөрөө дандаа инээмсэглэж бусдыг инээлгэж яваарай.

8.Бусдын зовлонг хуваалц.
Сэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг хичээ.

9.Хамтран ярилц.
Хамт олон, гэр бүл, ах дүү нартайгаа хамтран ярилцаж төлөвлөгөө, шийдвэр гаргаж байх нь сэтгэлийн бухимдлаа тайлах хамгийн сайн арга.

10.Дуу хөгжим сонирх
Та сайхан дуу хөгжим сонсох, өөрөө болон хүмүүстэй хамтран дуулах, хөгжимдөх нь хийморийг сэргээж сэтгэлийг тайвшруулна.

11. Биеийн тамираар хичээллэ.
Гүйх, теннис, хөл бөмбөг,сагсан бөмбөг тоглох зэрэгт тархины цусан хангамж эрс сайжирч , эд эсүүд хүчилтөрөгчөөр ханаж, тааламжтай сэтгэл хөдлөлүүд үүснэ. Нөгөө талаас булчингийн агшилтын явцад биемахбодид үүссэн үлэмж хэмжээний сүүний хүчлийн нөлөөгөөр бухимдал тайлагдана.

12. Мэдрэхүйгээ сайжруул
Хэт их ачаалал, сэтгэл тавгүй үед өөрөө өөртөө болон хүнээр иллэг хийлгүүлэх нь сэтгэлийг тайвшруулан биеийн чилээг гаргана. Ялангуяа нурууны голоор иллэг хийлгэхэд бие сэргэнэ.

13. Амьсгалын дасгал хий.
Гүнзгий амьсгал авах нь зүрх, уушгины үйл ажиллагааг сайжруулдаг. Амьсгалын дасгал хийхдээ тухтай сууж удаан болон гүнзгий амьсгал.Энэ дасгалыг 5 минутын турш хийнэ.

  • Digg
  • Del.icio.us
  • StumbleUpon
  • Reddit
  • RSS